Монгол-Японы харилцаанд Найрамдлын нийгэмлэгүүдийн үүрэг их байсныг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-10 14:01:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Японы харилцааг дэмжих найрамдлын нийгэмлэгүүд хоёр орны хооронд дидломат харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өнөөдөр ГХЯ-нд болсон “Монгол-Японы найрамдлын нийгэмлэгүүдийн Хоёрдугаар хуралдайд оролцогчид онцолж байв.
Хуралдайг Монгол-Японы харилцааг дэмжих найрамдлын нийгэмлэгүүдийн тэргүүн, Элчин сайд С.Хүрэлбаатар нээж тэргүүлэгч гишүүн УГЗ Д.Сосорбарам хөтлөн явуулж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд М.Такаока нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм. Арга хэмжээнд Элчин сайд асан Т.Шимизү, Монгол-Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн хүндэт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Д.Содном, Японы-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Янагисава нарын хүндэт зочид оролцож хоёр орны найрамдлын нийгэмлэгүүдийн үйл ажиллагаа, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, гүйцэтгэж ирсэн үүргийн талаар илтгэл тавив. Тухайлбал, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дэд тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол, Японы найрамдлын хөдөлгөөн: Өчигдөр, өнөөдөр маргааш” илтгэлдээ, Хоёр орны харилцааг дайны дараахь үеэс буюу соёлын харилцаа эхэлж байсан 1954-1961 он, БНМАУ (хуучин нэрээр) НҮБ-д гишүүнээр элсэж дэлхийн олон улс оронтой харилцаагаа сэргээж байсан, Монгол-Японы найрамдлын нийгэмлэгүүд анх байгуулагдаж байсан 1961-1972 он, мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтож байсан 1972-1992 он, 1990-ээс өнөөдрийг хүртэл гэж 4 үетэй хөгжиж ирснийг тодотгож байв.

Элчин сайд асан Т.Шимизү, “1958 онд хоёр орны хооронд тавхан хүн, 1972 онд 17 хүн зорчиж байсан бол 1977 оноос хойш 100-1000 болж өдгөө 22 мянгад хүрээд байна” гэлээ.
Хоёр орны хамтын ажиллагаа дэлхийн II дайнаас хойш соёлын харилцаагаар эхэлж, улмаар 1964 оны Токиогийн олимпид Монгол тамирчид оролцож байв. 1970-аад онд дэлхий нийтээр Энхтайваны хөдөлгөөн өрнөх үеэр Монгол, Японы найрамдлын нийгэмлэгийн үйл ажиллагаа идэвхжиж, цөмийн зэвсгийн эсрэг олон улсын хурал, Энхтайваны цуглаанд оролцож марш хийж байсныг өнөөдрийн хуралдайн үеэр дурсаж байв. Хоёр орны харилцаа бэхжиж, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн Найрамдлын нийгэмлэгүүдийн өнөөдрийг хүртэл явж ирсэн үйл ажиллагааг нэгдсэн нэг платформтой болгох зэргээр идэвхжүүлж эрчимжүүлэх талаар хуралдайд оролцогсод санал бодлоо солилцож байв. Хуралд оролцогсод Улаанбаатар хотын музейд гарч буй гэрэл зурагчин С.Цацралт болон Японы гэрэл зурагчин Х.Усами нарын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Холбоотой мэдээ