Ховд голын эргээс олдсон цогцсыг таниулахаар Шүүхийн шинжилгээний ерөнхий хүрээлэнд ханджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-07 14:29:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Шар нуур хэмээх газарт Ховд голын эрэг дээр /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км, сумын төвөөс 25 км/ хүний цогцос байгаа талаарх мэдээлэл энэ сарын дөрөвний өдөр оройн 17:30 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Тухайн цогцос нь өнгөрсөн зургадугаар сарын 24-ниий өдөр Өлгий сумын Хөх хад багийн "Найрамдал уул" гэдэг газраас усанд живж сураггүй болсон 10 настай Ж, 13 настай А нарын аль нэгнийх байж болзошгүй байна.

Гэвч цогцос таниулах ажиллагаа амжилтгүй болсон тул дээж авч ДНК-гийн шинжилгээнд оруулахаар энэ сарын тавны өдөр Шүүхийн шинжилгээний ерөнхий хүрээлэнд илгээжээ.

Дээрх сураггүй болсон хүүхдүүдийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу цогцос олдсон газраас "Тавилтайн рашаан" гэдэг газар хүртэл 45 км-т эрэн хайх ажиллагааг энэ сарын зургааны өдөр явуулсан ч үр дүн гараагүй аж. Иймд өнөөдөр өглөөний 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Дашрамд хэлэхэд, аймгийн Онцгой байдлын газар нь сураггүй болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагааг өнгөрсөн зургадугаар сарын 25-наас долдугаар сарын есний өдрүүдэд, долдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд, долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын гуравны өдрүүдэд тус тус зохион байгуулж, ул мөр гараагүй тул түр зогсоогоод байсан юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ