Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн шагналыг академич Д.Доржготов хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-30 14:58:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготов хүртлээ.
Түүнд энэ эрхэм хүндэт шагналыг гардуулахаар ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн Их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгч, академич Н.С.Касимов хүрэлцэн ирж, өнөөдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар гардуулан өгөв.
Тэрбээр "Монгол Улсад хөрсний газарзүйн судалгааг үндэслэгчийн нэг, энэ мэргэжлээр Москвагийн Их сургуулийг төгссөн Монголын анхны 3 хүний нэг эрхэм хүндэт доктор, академич Д.Доржготов таны олон жилийн нөр их хөдөлмөрийг хүндэтгэн, 150-иад жилийн өмнө Монголд мөрөө гаргасан их эрдэмтэн С.М.Пржевальскийн үйл хэргийг үргэлжлүүлж буй танд энэхүү хүндтэй шагналыг гардуулж байгаадаа баяртай байна. Өнөөдөр бид Монголын ШУА, ОХУ-ын Газарзүйн нийгэмлэг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бүх хамтын ажиллагааны эхлэлийг нөхөр Д.Доржготов таны гаргасан мөр, хувь нэмэр их бийг хэлэхэд таатай байна. Манай нийгэмлэгийн дээд шагналыг Азиас хүртэж буй хоёр дахь хүн болж байна” гэлээ.
Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов, “Миний бие газар зүйн шинжлэх ухааны салбарт 56 жил ажиллаж байна. Монгол орныхоо хөрсний бүтцийг судалж, очоогүй газар үлдээгүй. Монгол орны хөрсний зургийг зохиож, бүтээл бичиж байлаа. Олон сайхан шавь нартай. 20 эрдэмтний эрдмийн ажлыг удирдсан, дэд эрдэмтэн, доктор шавь нараараа бахархдаг. Хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж хүндтэй шагнал олгож буйд баяртай байна.
Газарзүйн судалгаа их эртний түүхтэй. С.М.Пржевальский 1870 онд Монгол Улсад анх ирж байснаас хойш 150 гаруй жил манай улс Оросуудтай хамтран судалгаа хийж, арвин нөөц материал цуглуулсан. Энэ шагнал бол зөвхөн  миний судалгааны ажилд олгож буй биш. Монгол Улсын Газарзүйн шинжлэх ухааныг олон улсын түвшинд тодорхойлсон шагнал юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Тэрээр одоо Монгол орны газар зүйн экосистемийн атласыг хэвлүүлэхээр судалгаа хийж байгаагаа хэлж байв.
Дэлхийд нэр хүндтэй дээрх шагналыг Монгол эрдэмтэн хүртсэн ёслолын ажиллагаанд ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, академич Р.Барсболд, Т.Ган-Эрдэнэ нар болон ШУА-ийн Тэргүүлэгч гишүүд, академич доктор профессорууд, Москвагаас ирсэн эрдэмтэд оролцлоо.
Тодруулга: Газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад хоёр жилд нэг удаа хүртээдэг. ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийг тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу тэргүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэд ерөнхийлөгч, ивээн тэтгэгчдийн зөвлөлийн даргаар ажилладаг байна.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ