Ш.Хавыл: Өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-23 22:49:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны долдугаар сарын 24-ний өдрийн А/553 тоот захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө баталсан юм. Одоогоор аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил явагдаж байна. Бид бэлтгэл явцын талаар аймгийн Засаг даргын орлогч, өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгийн ахлагч Ш.Хавылаас тодрууллаа.

- Баян-Өлгий аймагт 2017-2018 оны өвөл хэчнээн толгой мал өвөлжих вэ?

- Өнгөрсөн оны жилийн эцэст 2,3 сая толгой мал тоологдсон. Энэ жил мөн адил тийм хэмжээний мал өвөлжих судалгаа гарч байна.

 - Энэ жилийн зуншлага ямар байв?

 - Аймгийн хэмжээнд долдугаар сар хүртэл зуншлага тааруу байсан ч өнгөрсөн сарын эхээр бороо орж, өвс ногооны гарц нэмэгдсэн. Гэвч бэлчээр ашиглалт хүнд гэж хэлж болно. Яагаад гэвэл, одоогоос арав гаруй жилийн өмнө Баян-Өлгий аймаг нь 1,3 сая толгой малтай, бэлчээрийн даац зохих хэмжээнд байсан. Харин одоо мал сүргийн тоо нэг саяар нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч байна. Өвс ногооны гарц сайн боловч намар болон өвлийн отрыг хилийн зурвас бүс, тусгай хамгаалалттай газар, өөр аймгийн нутагт зохион байгуулах шаардлага гарч байна.

- Өвс, тэжээл бэлтгэх ажил хэр зэрэг явагдаж байна?

- Малчдын хувьд өөрсдийн хэмжээнд бэлтгэлээ базааж байгаа. Сумд ч бас өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ёстой. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэхийн тулд Мал хамгаалах санд байгаа хөрөнгөөр тендер зарлаж байгаа. Засгийн газраас өгсөн төлөвлөгөөний дагуу аюулгүйн нөөцөө бүрдүүлэх болно. Хангалттай хөрөнгийн эх үүсвэр нь байгна.

 - Өнгөрсөн онд сумд хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалан аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг тааруу зохион байгуулж байсан. Энэ жил ямар байна?

 - Сумд хангалтгүй ажиллаж байгаа. Зарим нь нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулсан байна. Хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлээгүй сумдын удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн.

- Аль аль сум өвс, тэжээлийн аюулгүйн бүрдүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж чадахгүй байна?

- Алтай, Баяннуур, Бугат, Буянт, Ногооннуур, Сагсай, Улаанхус сум байгаа.

- Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хэдэн хувьд хүрч байна?

- Хадлан бэлтгэх ажил дуусаагүй, дундаа орж байна. Малын вакцинжуулалт, угаалга хийх ажил хэвийн хэмжээнд явна. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл одоогоор 60 хувьтай явагдаж байгаа.

- Аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэлийн хэр зэрэг вэ?

- Ажлын явц 88 хувьтай байгаа.  Дулааны цахилгаан станцыг тогтвортой ажиллуулах, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах асуудалд анхаарч байна. Сургууль,  цэцэрлэг, дотуур байр, эмнэлгүүдийн засварын ажил ерөнхийдөө дууссан.  Өлгий хотыг "Эрчим-Баян Өлгий" компани дулаанаар хангадаг. Захын хоёр сургууль, хоёр цэцэрлэгээс бусад төвийн хэсэгт халаалт хангалттай. Тухайн компани бол одоогийн байдлаар 60-аад хоногийн нүүрсний нөөц бүрдүүлсэн. Ирэх сарын дундуур нэмж нүүрс татна. Манай аймгийн ихэнх сумууд бол нэгдсэн халаалтад холбогдсон бөгөөд нүүрс нөөцлөх ажлыг одоо эхлүүлнэ.  

 - Цахилгааны эх үүсвэрийн найдвартай байдал хангагдсан уу?

-Цахилгааны эх үүсвэрийн найдвартай байдлыг ханган ажиллаж байна. Гэхдээ манай аймагт нөөц дизель байхгүй. Тийм учраас "Баруун бүсийн эрчим хүчний систем"-ийн 110 ваттын шугамд гэмтэл гарах юм бол асуудал үүсч болзошгүй. Энэ талаар холбогдох газруудад асуудал тавьж, хоёр дахь эх үүсвэртэй болох ажлыг хөөцөлдөж байна. Өнөөдрийг хүртэл өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил нийт дүнгээрээ 60 хувьтай байна. Ирэх сарын сүүлээр сумдаар явж, бэлтгэл ажлыг газар дээр нь шалгаж дүгнэнэ. Дараа нь Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, цаашид авах арга хэмжээнүүдийг тодорхойлно.

- Баярлалаа!
 

 Ө.Нурболат


Холбоотой мэдээ