"Монгол-Туркийн өргөө" ТББ ес дэх жилдээ өргөлийн ажил зохион байгуулж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-22 17:57:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Монгол-Туркийн өргөө" төрийн бус байгууллага Хурбан айт баяраар мал төхөөрч, ядуу өрхүүдэд өглөг өгөх ажлыг ес дэх жилдээ зохион байгуулж байна.

Тус байгууллага нь  2009 онд байгуулагджээ. Амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх, тэдний хүүхдүүдийн сурч боловсроход нь туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Энэ жил Бүгд Найрамдах Турк Улсын "Бешир дэрнэги" сантай хамтран 1400 толгой хонь нядалж, махыг нь иргэдэд тарааж байна. Тус байгууллагын тэргүүн С.Манатын тайлбарласнаар эхлээд аймгийн төвийн багуудаар явж, нэн ядуу өрхүүдэд хүнсний карт тараажээ. Хурбаны махыг тухайн картыг үндэслэн олгож байгаа гэнэ. Харин илүү гарсан махыг үерт нэрвэгдсэн айлуудад өгөх юм.

«Монгол-Туркийн өргөө» төрийн бус байгууллагын хувьд өнгөрсөн сард Өлгий хотод уулын үер буух үеэр 300 толгой малын махыг бэлтгэж, иргэдэд олгосон байна.

Дашрамд дурдахад, Баян-Өлгийчүүд энэ сарын 21-нээс эхлэн Хурбан айт баяраа тэмдэглэж байгаа бөгөөд айл өрх, хүмүүнлэгийн байгууллага, шашны сүмүүд иргэдэд хүнсний тусламж үзүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна.    
 

Ө.Нурболат


Холбоотой мэдээ