Герман улсад машинистаар ажиллах хэлний мэдлэгтэй залуусыг бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-15 16:52:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ нь БНХАУ, Турк, Вьетнам зэрэг орноос гэрээт ажилчин авдаг бөгөөд энэ жил Монгол Улстай хамтран ажиллах  сонирхолтой байна хэмээн “Rail Berlin Representative office”–ийн төлөөлөгч, галт тэрэгний машинист Александр Постлер  Монгол Ньюс мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрээр ярихдаа, “30 гаруй жил Германы төмөр замын салбарт ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын төмөр замын салбарт ажиллах хүчин дутагдалтай байх болсон. Тиймээс  Монгол Улсаас галт тэрэгний машинистаар ажиллах сонирхолтой залуусыг ажилд зуучлахаар ирээд байна.Тавигдах шаардлагын тухайд нэгдүгээрт, Герман хэлний В2 түвшний мэдлэгтэй, насанд хүрсэн байх ёстой. Хоёрдугаарт, ажлын хариуцлагатай, ачаалал даах чадвартай хүнийг ажилд зуучилна.  Дээрх шаардлагыг хангасан 6-7 залууг шалгаруулж авна. Дараа нь Германд 7-9 сарын хугацаанд мэргэшүүлэх сургалтад суулгаад, ажлын байраар хангах юм. Байрлах байр, визний асуудлыг манай талаас шийдэж өгнө” хэмээв.

Харин хамтран ажиллаж буй “Холун хатны үрс” сангийн  захирал А.Сарнай хэлэхдээ, “Германд ажиллах сонирхолтой залуус “Сэрүүлэг” дээд сургуулийн 202 тоотод байрлах Герман хэлний сургалтад суралцаж, дээрх ажлын байранд зуучлуулах боломжтой. Зуучлалын төлбөр гэж авахгүй. Гол нь Монгол залуусыг ажил, орлоготой болгоход дэм үзүүлэх үүднээс бид хэвлэлийн бага хурал хийж байна. Германд улсад төмөр замын салбарт ажилласнаар 3-5 мянган еврогийн цалин авах боломжтой. Эхний удаад хэлний шаардлагыг хангасан байх хэрэгтэй” гэлээ.
Д.Болор-Эрдэнэ
Холбоотой мэдээ