СТӨ-ний “Г” хэсгийг хувьчлах шийдвэрээ хүчингүй болгохыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-08 17:23:57

ШУА, “Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн” болон “Олон Улсын Монгол Судлалын холбоо”-ноос НИТХ-ыг Соёлын Төв Өргөө (СТӨ)-ний цогцолбор барилгын “Г” хэсгийг  хувьчлах шийдвэрээ хүчингүй болгохыг хүсчээ.

Соёлын Төв Өргөө нь УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/209 тоот захирамжаар Төрийн өмчийн харъяаллаас нийслэлийн өмчлөлд шилжсэн. Тус барилга нийт  9559 м2 ашигтай талбайтай ба 7736,6м2  талбай буюу  81 хувийг шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагууд түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл энэ сарын 02-нд хуралдсан НИТХ-ын 32 дугаар хуралдаанаар СТӨ-ний цогцолбор барилгын “Г” хэсгийг  хувьчлах шийдвэр гаргажээ.

Тус цогцолбор барилгыг ОХУ-ын хөрөнгөөр барьсан бөгөөд 1988 онд шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудад бэлэглэжээ. СТӨ-г хувьчлах нь тус барилгад үйл ажиллагаа явуулж буй шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудыг боломжгүй болгож, урлагийн хөгжлийг доголдуулах сөрөг нөлөөтэй.

Иймд  СТӨ-ний цогцолбор барилгын “Г” хэсгийг  хувьчлах шийдвэрээ эргэн харж, хүчингүй болгож, шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахыг НИТХ-аас хүсч байна хэмээжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ