Нийслэлийн зам засварт тэрбум төгрөг гаргахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-09 18:42:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард нийслэлд орсон усархаг борооны улмаас зарим замууд дээр эвдрэл гарч хотын хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгааг хийж зам засварлах шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг шийдвэрлэж, засварын ажлыг эхлүүлээд байна.
Тухайлбал, нийслэлд “Монел”-ийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, ААН бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирсан. Мөн гадна тойруугийн зам Дарь-Эхийн уулзвараас ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто замын үерийн даланг хааж айл өрхүүд бууснаас зам эвдэрчээ. Үүнийг түргэн засварлах, нийслэлийн Газрын албатай хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэхийг хотын дарга өнөөдөр үүрэг болгов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Цаашдаа замын жижиг эвдрэл, гэр хорооллын дундах зам, суваг шуудууг засахад дүүргүүд дэргэд жижиг шуурхай засварын бригад ажиллах хэрэгтэй. Үүнийг дүүргийн Засаг дарга нартай ярилцаад шийдэх шаардлагатай байна. Зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг нүүлгэх ажил удаашралтай байна. Хэрвээ зөвшөөрөлгүй, үерийн эрсдэлт бүсэд буусан айл өрх байвал албадан нүүлгэнэ. Төр иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. Дахин усархаг бороо орж, үер болохгүй гэх баталгаа байхгүй. Айл өрхүүдийг зүгээр албадан хөөж, нүүлгэх бус дүүргийн Засаг дарга нартай нь тохиролцоод эргээд буулгах газрыг тохиролцох хэрэгтэй. Мөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан авто зам дээр хаана нь илүү эрсдэлт нөхцөл байдал үүсээд байгааг гаргаж, усны гаргалгаа, далан хийх ёстой байгаа газруудын судалгааг гаргаад 2019 оны төсөвт суулгах хэрэгтэй” гэсэн талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ