Румынчуудын олонхи нь гадаадад ажиллах хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-07 10:24:30
БУХАРЕСТ. /Синьхуа/. Румынчуудын дунд явуулсан судалгааны дүнд тэдний 55 хувь нь гадаадад ажиллах хүсэлтэй байгаа ба судалгаанд оролцсон хүмүүс баруун Европ болон Умард Америкийн орнуудыг голчлон сонгосон байна.
 
Судалгаагаар, хилийн чанадад ажиллах хүсэлтэй байгаа хүмүүсийн дийлэнх нь 30-аас доош настай, коллеж болон түүнээс дээш зэргийн дипломтой хүмүүс байжээ. Тэдний хамгийн их сонирхож буй 10 оронд Герман, Их Британи, Франц, Швейцарь, АНУ, Канад, Австри, Испани, Бельги болон Итали улс багтжээ.

Засгийн газар болон нийгмийн халамж үйлчилгээ, ажил мэргэжлийн өргөн боломжийг хүртэх, аж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй байгаа нь румынчуудын гадаадад ажиллаж, амьдрахыг хүсч буйн гол шалтгаан болж байгаагаас гадна улс төрийн тогтворгүй байдал нь тэдний хилийн чанадыг зорих хүслийг улам нэмэгдүүлж байгааг судалгааны дүн харуулжээ. 

Ажлын байрны зууч “BestJobs” платформын явуулсан уг судалгаанд нийт 4000 хүн оролцсон бөгөөд судалгааны дүнг нэгтгэхэд, 25-40 насны 5 хүн тутмын 1 нь гадаадад ажиллаж, амьдрах хүсэлтэй байна гэж хариулжээ. 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ