Шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг сая ам.доллар хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-06 13:10:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжиж буй улс орнууд дахь гарааны бизнесийг дэмжих зорилготой “Seedstars World” тэмцээнийг манай улсад 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ талаар дээрх олон улсын байгууллагын Ази, Төв Европыг хариуцсан төлөөлөгч Алина Розанова, Монголын “Стар-Ап Маркетинг спейс” төвийг үүсгэн байгуулагч Ж.Золзаяа болон Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ. 
Шинэ үеийн залуу бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбож өгөн зуучлах, шилдэг бизнес эрхлэгчдийг туршлагаас сурах, зөвлөгөө авах, улмаар санхүүгийн дэмжлэг авах зорилготой “Seedstars World” тэмцээнийг дэлхийн 75 оронд зохион байгуулдагаас манай улсад өнгөрсөн жил анх удаагаа болж санхүүгийн апплакейшн бүтээсэн “Татаа тунгаа” компани шалгарч байв.
Тэгвэл энэ оны наймдугаар сарын 16-18-нд зохиогдох 2 дахь удаагийн тэмцээнд оролцогчид улс орныхоо, бүс нутгийн гарааны бизнес эрхлэгчидтэй өрсөлдөж 10 компани үлдэн тэндээс шилдгээ шалгаруулах бөгөөд түрүүлсэн баг цаашлан эх орноо төлөөлөн Швейцарьт болох дэлхийн тэмцээнд орж нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх бүхий боломж хүлээж байна. Үүний өмнө тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн багуудаас шүүгчдийн бүрэлдэхүүн гарааны 10-ыг нь сонгон авч 2 өдрийн эрчимжүүлсэн сургалт явуулан 3 дахь өдөр нь шилдгүүдийг тодруулах юм байна. Тэмцээнд оролцох шалгуур нь:
  • Байгуулагдаад 2 жилээс хэтрээгүй, бүтээгдэхүүн туршилтын хувилбар буюу MVP (Minimial Viable product)-ээ боловсруулсан байх,
  • Ашгийн төлөө шинэлэг бизнес санаа нь 3-4 жилийн зорилттой, дотооддоо төдийгүй гадаад зах зээлд гарч тэлж ажиллах боломжтой байх юм.
  • Зөвхөн шинэ санаа технологи гэлтгүй байгаль орчин ногоон бизнесийн чиглэлээр байж болно гэв.
Онцгойлсон технологийн бизнесээс гадна энэ жил эмэгтэй гарааны бизнес эрхлэгчдийг дэмжихийг чухалчилж буй учир энэ удаагийн олон улсын тэмцээнд эмэгтэйчүүдийг илүү оролцохыг зохион байгуулагчдын зүгээс хүсч байв. “Seedstars Ulaanbaatar-2018” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Юнител” групп, мөн ивээн тэтгэгчээр Монголын санхүүгийн анхдагч финтек гарааны компани Лэнд МН”, мэдээлэл технологийн “Ай түүлс” компаниуд болон “Стар Ап Монгол” ТББ, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар, Hub төв, “Unread.today” сайт, Монголын гарааны бизнесийн эко системийн оролцогч талууд ажиллаж байна. Тэмцээнд оролцох багуудыг наймдугаар сарын 10 хүртэл https://seedsta.rs/ulaan18_apply онлайн хаягаар бүртгэж эхэлж буйг зохион байгуулагчид мэдээллээ.

Тодруулга: Тэмцээнийг зохион байгуулагч олон улсын “Seedstars World” байгууллага нь Швейцарь улсад байрладаг, дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнесийг дэмжих үүднээс олон улсын тэмцээний шагналыг санг бүрдүүлэх зорилгоор “Майкрософт”, “Амазон” зэрэг дэлхийн томоохон компаниудтай хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд олон улсын старапын тэмцээнд оролцогчдод нийтдээ 61 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож өгөн дэлхий даяар 800 гаруй бизнес эрхлэгч багийг ажлын байраар хангаад байна. “Seedstars Ulaanbaatar-2018” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Монголын гарааны бизнесийн тоглогчдын нэг “Стар Ап Маркетинг спейс” төв авч түншлэн ажиллаж байна.
 Б.Болд
Холбоотой мэдээ