МАН гишүүдийнхээ ёс зүй, хариуцлагыг дээшлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-07-30 13:59:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Хяналтын ерөнхий хороо ирэх сарын 01-нд хуралдаж намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэх болжээ.

Энэ талаар өнөөдөр тус хорооны удирдлагууд мэдээлэл хийлээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос энэ сарын эхээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн МАН-ын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан байна. Энэ үеэр гишүүдийн зүгээс намын боловсон хүчний бодлогыг сайжруулах, “60 тэрбум”-ын асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолсон байна. Мөн МАН-ын гишүүд оффшор бүсэд данс эзэмшдэг тухай  мэдээллүүдийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, намын нэр хүндийг унагаж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Тиймээс МАН-ын Хяналтын ерөнхий хороо ирэх сарын 01-нд хуралдаж, гишүүдийн санал, хүсэлтийг хэлэлцэнэ хэмээн тус хорооны дарга Д.Батбаатар хэллээ.

Тэрбээр, “МАН-ын гишүүд ажлын хариуцлага алдсан тухай мэдээллийг бид Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч эхэлсэн. Хяналтын ерөнхий хорооны хурлын өмнө бид гишүүдээс ирүүлсэн мэдээллийг нарийвчлан шалгаж, удахгүй МАН-ын Удирдах зөвлөлийн хурад танилцуулна. Мөн гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, боловсон хүчний бодлогыг сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллах шаардлагыг намынхаа удирдлагуудад хүргүүлэх юм" гэлээ.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо “60 тэрбум”-ын асуудалтай холбогдуулан ямар үйл ажиллагаа явуулж байгааг тодруулахад, “Энэ асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа тул бид төрийн үйл ажиллагаанд оролцохгүй. Харин уг асуудалд нэр холбогдсон хүмүүст намын гишүүд болон иргэдэд тодорхой тайлбар өгөх хэрэгтэй гэсэн албан бичгийг хүргүүлсэн” гэлээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ