Монгол Улс хепатитын эсрэг тэмцлээрээ бүс нутагтаа манлайлж эхэлжээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-07-27 18:29:17
Дэлхий нийтэд жилдээ 1,3 сая хүн, Монгол Улсад өнгөрсөн жилийн байдлаар  1614 хүн амиа алдсан гэсэн дүн мэдээ байна. Дэлхийд дээгүүрт  бичигдэж буй уг өвчнийг бууруулахын тулд Монгол Улс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд жил гаруйн хугацааг үдэж байна. Жилд 2500 хүн элэгний өвчнөөр алтан амиа алдаж байсан бол өнгөрсөн жил 886 хүнээр буурчээ. Элэгний B вирусээр 330 мянган хүн, С вирусээр 221 мянган хүн өвчилсөн гэсэн тоон мэдээ байна. Харин элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу үедээ оношлогдож буйг мэргэжилтнүүд тодотгож байсан юм.
 “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн гол зорилт нь өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэж буй юм. Тодруулбал энэ хүрээнд өнгөрсөн онд 40-65 насныхны 40 хувийг хепатитын В болон С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. 2017 онд Монгол Улс хүн амаа элэгний өвчлөлөөс сэргийлэхийн тулд  11,8 сая төгрөг зарцуулсан бол энэ онд 29,9 сая төгрөг төсөвлөжээ. 
ДЭМБ-аас энэ жил Монгол Улсад Дэлхийн хепатитын өдрийг тэмдэглэж байна. Монгол Улс хепатитын эсрэг тэмцлээрээ бүс нутагтаа төдийгүй дэлхийн түвшинд манлайлж байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Шин Ён Сү онцолсон.
Монгол Улс Дэлхийн хепатитын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж хүн ардаа энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэгт төвлөрч байна. Төв талбайд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх насныхны дунд  хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж буй бөгөөд энд урт дараалал үүсчээ. Энэ оны хувьд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь үе шат хэрэгжих бөгөөд 15-39 насныхныг хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах аж.
Холбоотой мэдээ