Хотын зөвлөл гар бууны худалдааг хориглохыг засгийн газраас хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-26 17:15:13
ТОРОНТО. /Си-Эн-Эн/. Саяхан Канадын Торонто хотод буутай этгээд халдлага үйлдэж, хоёр хүн харамсалтайгаар амь үрэгдсэнтэй холбогдуулан Торонто хотын зөвлөлөөс тус хотын нутаг дэвсгэрт гар бууны худалдаа хийхийг хориглохыг Канадын засгийн газарт уриалжээ.

Өнгөрсөн мягмар гарагт тус хотын зөвлөлийн хуралдаанаас дээрх шийдвэрийг олонхийн саналаар гаргасан байна. “Манай хотод хэт олон хүн биедээ гар буу авч явж байна. Тэдэнд буу ямар хэрэгтэй юм бэ?” гэж тус хотын захирагч Жон Тори даваа гарагт хотын зөвлөлд хийсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Мөн энэхүү шийдвэр нь хотын иргэдийн амь насыг хамгаалаад зогсохгүй харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийг хүндэтгэж буй хэрэг юм гэж тэрбээр нэмж хэлжээ.

Түүнчлэн бууг хууль бусаар худалдаалагсдад ногдуулах шийтгэлийг чангатгах, дотоодын хууль бус бууны худалдааг зохицуулах арга хэмжээ авах хийгээд буу эзэмших эрхтэй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг сайтар шалгах зэрэг асуудлыг авч үзэхийг Канадын засгийн газраас мөн хүсээд байгаа юм байна.

Канад улсын хамгийн олон хүн амтай тус хотод сүүлийн жилүүдэд буутай холбоотой гэмт хэргийн тоо ихээр нэмэгдэх болсон ажээ.
 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ