Тарваган тахлын вакцинжуулалтад голомтот нутгийн иргэд хамрагдаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Тарваган тахлын улирал эхэлсэнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн голомтот нутгийн ард иргэд, эрсдэлт бүлгийн алба хаагчдад тус өвчний товлолт вакциныг долоодугаар сарын 16-ны өдрөөс хийж эхэлжээ.
Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 3500 ширхэг вакцин хийсэн бол энэ удаа ард иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу 4000 ширхэг вакцин захиалан авчирч сум тус бүрт 200 ширхгийг хуваарилсан байна. Говь-Алтай аймаг нь улсын хэмжээнд тарваган тахал өвчний голомтоороо Баянхонгор аймгийн дараа хоёрдугаар жагсдаг учир тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс ард иргэдийг харьяа өрхийн эмнэлэгтээ хандан вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалав.
Тус аймгийн Эрдэнэ, Чандмань, Цогт, Төгрөг, Бугат, Тонхил сум нь тарваган тахал өвчний голомт бүхий нутагт ордог бол эрсдэлт бүлгийнхэнд Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэнд, Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, алба хаагчид, түүхий эдийн худалдаачид хамаарагддаг учир эдгээр хүмүүс тус вакциныг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэнэ.
“Говь-Алтай аймагт хамгийн сүүлд 2004 онд Дарив сумын нутагт тарваган тахлын хүний өвчлөл тохиолдсон ба түүнээс хойш тус өвчний сэжигтэй дөрвөн тохиолдол Зоонозын өвчин судлалын төвд бүртгэгдсэн. Тухайлбал, 2017 оны 11 дүгээр сард аймгийн төв Алтай хотод тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн” хэмээн тус аймгийн ЗӨСТ-ийн дарга С.Батсайхан мэдээлэв.
Э.Нарангэрэл