Хийдийн шинэ дуганын ажил 96 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-17 18:02:41
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв /БШТ/ Эрдэнэмандал хийдийн шинэ дуганын барилгын ажил 96 хувьтай үргэлжилж байна. Энэхүү Их цогчин дугана нь давхарлагат асар, дорнын хийцээр баригдаж байгаа бөгөөд дээрээ алтан ганжир залжээ. Нэг давхар тус дуганад хурал номын ажил тогтмол явагдахаас гадна сүсэгтэн олон хүссэн үедээ ирж бясалгал хийх боломжтой юм байна.

“Аймаг орон нутгийн иргэд буян номын ажилд маш их оролцох болсон. Хуучин дугандаа байхад хурал номын тусгай өдрүүдэд сүсэгтэн олон багтаж шингэхгүй, иргэд суух нь бүү хэл зогсох ч зай гардаггүй байсан. Хэмжээний хувьд жижгээс гадна олон жил болсон учир дөрвөн багана суулт өгч нурах эрсдэл үүссэн. Тиймээс цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг аймгийн мэргэжлийн хяналтаас гаргаж, үйл ажиллагаага зогсоогоод байгаа. Ер нь бид шинэ дуганатай болох ажлыг аль эртнээс төлөвлөж байсан. сайн санаат өглөгийн эзний буянаар энэ ажил маань богино хугацаанд биеллээ олж байна. Анх нь сүсэгтэн олноос хандив цуглуулна гэж төлөвлөж байсан ч энэ дуганыг зөвхөн нэг хүн л өөрийн хандиваар бариулж байгаа. Хуучин дуганын хувьд 1992 онд баригдсан барилга юм” гэж аймгийн БШТ Эрдэнэмандал хийдийн дэд лам Н.Цамбанүрдэв хэллээ.

Цогчин их дуганын нээлт энэ сарын 19-нд болох бөгөөд 20-ны өдөр Энэтхэг улсаас Жадо Ренбучи багш морилон нийт иргэдэд ном айлдах юм байна.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ