Аадар борооны улмаас ХСҮТ-ийн цахилгааны эх үүсвэр орчимд цөмрөлт үүсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-07-17 16:30:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд түр зуурын усархаг бороо орж, нам дор цэгүүдээр ус тогтон үерлээд байна. Их хэмжээний аадар бороо орсны улмаас Хавдар Судлалын Үндэсний төв /ХСҮТ/-ийн цахилгааны эх үүсвэрийн орчимд хөрсний суулт, цөмрөлт үүсч тухайн хэсгийн зорчих хэсгийг түр хугацаагаар хязгаарлалаа.

Хотын Ерөнхий менежер газар дээр нь ажиллаж заавар чиглэл өгч хуримтлагдсан усыг соруулах арга хэмжээг Геодези усны барилга байгууламжийн газар /ГУББГ/-т үүрэг болгон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Усархаг бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орохыг ЦУОШГ-аас мэдээлж байгаа. Тодруулбал, маргааш нутгийн зарим газраар, 19-20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун, төв болон зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иргэд та бүхэн үерийн аюулаас сэрэмжилж,  урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, энэ талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.

Ж.Болор
Холбоотой мэдээ