Х.Баттулга: Монгол наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-07-11 12:04:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.
 
Тэрбээр "Бидний өвөг дээдэс нэн эртнээс хүлгийн хурд, биеийн хүч, харааны хурцыг сорьж, ид хаваа гайхуулан нааддаг байсан нь өнөөдрийг хүртэл агуулгаа хадгалж, хэлбэрээ цагийн аяст тохируулан хөгжүүлж ирсэн баяр бол уламжлалт  МОНГОЛ НААДАМ юм. Түүх сөхвөл бөх барилдаж, үзэгчид тойрон баясч буйг дүрсэлсэн хадны зураг Монголын маань газар нутгаас олдсон нь 9 мянга гаруй жилийн өмнөх Шинэ чулуун зэвсгийн үед хамааралтай байдаг юм байна. Энэ бол наадам лавтай 9 мянга гаруй жилийн түүхэн уламжлалтай болохыг харуулсан тод баримт юм хэмээн Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд онцлов.

Мөн тэрбээр Дэлхийн олон улс үндэстнүүд хуран цуглаж, цэнгэн баясахдаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорих эрмэлзэлтэй байдгаас спортын цэнгээн наадмууд үүсч, уламжлал болсон гэж үздэг. МОНГОЛ НААДАМ бол нүүдэлчин ард түмнийн хувьд эртний грекийн Олимпийн наадмаас дутахааргүй ач холбогдол, нэр хүндтэй их цэнгэл наадам байсаар ирсэн билээ. Монголчууд баяр наадмынхаа  үеэр сөргөлдөөн, зөрчил тэмцлээ зогсоож, эв эеийг эрхэмлэн элдэв улстөржилт, талцлаас ангид наадахыг эрхэмлэн мөрдөж ирсэн. Үндэсний баяр наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр, спортын их цэнгүүн юм. Үеийн үед ийм л байсан. Өнөө цагт ч өвгөдөөс өвлөсөн уламжлалаа даган сайхан наадаж байна.Үндэстний оршин тогтнох үндсийн үндэс нь өв соёл, түүх уламжлал бөгөөд түүнийг амьдруулагч, үеэс үед дамжуулан тээгчид нь ард түмэн билээ. Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгааныг мэргэн ардын минь сэтгэлд бий гэж бахархдаг. Наадамчин олон та бүхэн монгол соёлоо хадгалж, өвлүүлж, бахархаж, биширч ирсний гавьяагаар МОНГОЛ НААДАМ өнөөдөр олон ардаа баясган, гадны жуулчдыг татсаар байгаа гэдэгт би итгэдэг. Наадамчин олондоо, өв соёлоо олон мянган жил тээн авч яваа  ард түмэндээ баярлалаа. Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчид, анд нөхөддөө Монгол наадмын мэндийг тусгайлан дэвшүүлье. Та бүхэн Монголын сайхан оронд минь тав тухтай  тухлан саатаж ихийг үзэж хараарай. Ахин дахин зочлон ирээрэй, бид та бүхнийг хэзээд найрсгаар угтан авах болно" хэмээв. Үндэсний их баяр наадам ийнхүү хүндэтгэлтэйгээр эхэлж буйг зарлаад Есөн хөлт Их цагаан туганд мэхийн ёслов.
Үндэсний их баяр наадмын нээлт Хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилж байна.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Холбоотой мэдээ