Санхүү, шуудангийн, үнэт цаасны үйлчилгээг нэг дороос авах төв нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-29 17:52:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн “АРД” нэгдэл болон “Монгол шуудан ХК хамтран санхүүгийн болон шуудангийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос хүргэх салбар төвийг өнөөдөр Сүхбаатарын талбайн зүүн талд “Сэнтрал Тауэр”-ын байранд нээлээ.
Салбар төвд ирсэн иргэд дээрх хоёр үйлчилгээнээс гадна үнэт цаасны дансаа нээх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа баталгаажуулах, хувьцаа, бондны талаар мэдээлэл авах, Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд оролцох, санхүү-хөрөнгө оруулалтын сургалт, зөвлөгөө авах, өндөр хүүтэй хадгаламж нээх, бүх төрлийн зээл, кредит карт авах, мөн даатгалаа хийлгэх зэргээр хөрөнгө санхүүгийн зах зээлийн үйлчилгээг хотын төвд нэг дороос авч болох учир энэ нь бас үнэт цаасны арилжааны төв гэж ойлгож болно хэмээн Санхүүгийн “АРД” нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг шинэ төвийн нээлт дээр тодотгож байв.
Салбар төвийн нээлтийн үеэр “Ард Холдингс” компани блокчейн технологи дээр суурилсан олон улсын эрүүл мэндийн зайн үйлчилгээг үнэ төлбөргүй авах телемедийг Монголд нэвтрүүлэхээр болсноо, тус нэгдлийн хөрөнгө оруулалттай крипто хэтэвчийн үйлчилгээ үзүүлэгч GoPay компани шинэ үйлчилгээ болох криптовалют барьцаалан ухаалаг утаснаасаа зээл авах боломжийг олгох GoLend-ийг тус тус танилцууллаа. Мөн энэ үеэр “Монгол шуудан” ХК олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ болох Eurogiro-г нэвтрүүлэхээр болж Олон улсын шуудангийн Холбооны хурал дээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсанаа зарлав.
Б.Болд
Холбоотой мэдээ