Байгалийн зарим баялгийг ашиглах үнэ төлбөрийг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-29 12:52:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Байгалийн ургамлын нөөц, рашаан, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр Эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашиглах рашаан /шавар/-ын үнэ төлбөрийг хүн-хоногт 3000 төгрөг байхаар тогтов. Энэ нь ашиг олох гэсэндээ биш, рашаан шавараа ариг гамтай зарцуулах, хямгадах зорилготойг аймгийн Засаг дарга хэлж байлаа. Хужирт рашаан сувилалд хүн-хоногт халуун рашаан уувал 500, хүйтэн рашаан уувал 400 төгрөг байх юм.
Эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ховор ургамалд Эмийн бамбай, Цагаан дэгд, Ягаан цээнэ гэхчлэн 20 гаруй нэр төрлийн ургамлыг багтаав. Мөн эм, хүнсний үйлдвэрлэл, ахуйн зориулалтаар түүж бэлтгэх элбэг ургамалд Хусны шүүс, Алаг башир, Өргөст нохойн хошуу зэрэг 30 гаруй нэр төрлийн ургамал ашигласны үнэлгээг тогтоолоо.  Эмийн ургамлыг түүж бэлтгэх иргэн, аж ахуйн нэгж манай аймагт байдаггүй учир Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгаас бэлтгэж нийлүүлдэг аж.
Түүнчлэн элс, хайрга, өнгөт чулуу зэрэг 10 гаруй нэр төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон юм. Иргэдийн зүгээс түгээмэл ашигладаг элс м3 нь 1500, хайрга м3 нь 1800, хараа шороо м3 нь 3600, хужир тонн нь 1800 төгрөг байна.
Б.Батчимэг

Холбоотой мэдээ