Зарим нэр төрлийн татваруудад онцгой анхаарч, эрчимтэй ажиллахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-28 15:08:14
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “2017 оны төсвийн гүйцэтгэл, аудитын дүгнэлтийн тухай” хэлэлцлээ. Орон нутгийн төсвийн 2017 он дахь нийт орлогын хэмжээг 31.8 тэрбум, нийт зарлагыг 28.6 тэрбум төгрөгөөр батлав.
Төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж бууны болон нохойны албан татвар, газар ашигласны төлбөр ямар шалтгааны улмаас тасарсан тухай асуулаа. 2017 онд бууны албан татвараар 58.7 сая төгрөг төлөвлөснөөс 45,1 сая төгрөгийн орлого оруулжээ. Энэ тухайд Татварын газрын дарга Н.Эрдэнэсувд хариулахдаа “Өнгөрсөн жил орон нутгийн татварын орлого тодорхой хэмжээгээр давж биелсэн.  Энэ нь сүүлийн таван жилийн орлогоос харьцангүй илүү үзүүлэлттэй байгаа. Гэвч орон нутагтай холбоотой жижиг татварууд тодорхой хувиар тасарсан. Үүнд бууны албан татвар орно. Галт зэвсэг эзэмшигчдийг программд оруулаад бүртгэчихсэн байдаг. Хэдийгээр бид бууны татвараа төлөөгүй хүн бүртэй “тулж” ажиллаж байгаа ч эзэмшигч нь нас барчихсан, шилжсэн гэх байдлаар олдохгүй, бодит амьдрал - программ бүртгэл хоёр зөрдөг учраас албан татвар тасрахад гол нөлөө үзүүлж байна” гэлээ. Цаашид буу эзэмшигч нас барсан, шилжсэн гэх асуудлыг цэгцэлж, бүртгэлээс хасуулахад аймгийн Цагдаагийн газартай хамтарч ажиллах юм.
Галт зэвсэг эзэмшигчдийн бүртгэл, судалгаа, сургалтын байдалд энэ жил тууштай анхаарч цэгцлэхгүй бол дараа жил албан татварын орлого дахин тасарч болзошгүй гэж төлөөлөгч Ц.Баясгалан санууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, төлөөлөгч П.Загарзүсэм нар Татварын байгууллагын хамт олон идэвх чармайлт гаргаж ажилласны үр дүнд татварын орлого давж биелсэнд,  жилийн дүнгээрээ төсвийн гүйцэтгэл хэтрэлтгүй байгаад талархал дэвшүүлээд үл хөдлөх хөрөнгө, буу, нохой, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны татвар, хог хаягдлын хураамж, газар ашигласны төлбөр, авто машины үзлэг, оношилгоотой холбоотой нэр төрлийн татваруудад онцгой анхаарч, эрчимжүүлж ажиллахыг хүслээ.  
Аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан 6 дугаар сарын 27-ны өдөр болж, найман асуудлыг хэлэлцэн баталсан юм.
Б.Батчимэг

Холбоотой мэдээ