Үер усны гэнэтийн аюулаас сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-26 21:54:09
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн нутгаар ойрын өдрүүдэд орсон хур борооны улмаас Ховд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 29, Буянт, Үенч, Булган голуудын усны түвшин үерийн түвшнээс 2-15 см ээр тус тус даван үерлэж, цаашид түр зуурын хүчтэй аадар борооны нөлөөгөөр голуудын усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа тул дээрх голуудын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх болон аялал зугаалгаар амарч буй аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэдийг үер усны гэнэтийн аюулаас сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 27, 28, 30-нд аймгийн зарим газраар, 29,1-нд ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүсэхээр байгаа юм.
 
Уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус хүрч халах төлөвтэй. 7 сарын 1-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж Ховд аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.
 
А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ