Г.Эрдэнэбат: Дарханыг "Үйлдвэрлэлийн хот"-ын чиглэлээр хөгжүүлэх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2018-06-25 14:58:48
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбаттай Дархан хот ойрын ирээдүйд ямар хот болж хөгжих вэ? Хот өөрийнхөө хөгжлийн чиг хандлагыг хэрхэн яаж тодорхойлж байна вэ? Дэвшүүлсэн зорилго зорилтоо биелүүлэхийн тулд юу хийхээр төлөвлөж байна вэ гэдэг талаар ярилцлаа.

 
-Дархан-Уул аймгийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлдог аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг толгойлдог  гол хүн нь та. Танай аймаг энэ онд ямар гол зорилт дэвшүүлээд ажиллаж байна вэ?
 
-Дархан-Уул аймгийн 2016-2020 оны ИТХ-ын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөр маань Дархан-Уул аймгийн хөгжлийг дөрвөн жилийн хугацаанд иргэдийн хурлын ялангуяа бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг үндсэн гурван үүргээрээ бодлогоо тодорхойлж тусгасан. Бидний гол зорилго бол энэ дөрвөн жилийн хугацаанд дэд бүтэц, нийгмийн, үйлдвэрлэлийн чиглэлээр хэд хэдэн бодлогын бичиг баримтуудаа баталж гаргасан бол 2018 онд дэд хөтөлбөрүүдээ гаргачихсан. Энэ хөтөлбөрүүд дээр дөрвөн жилийн хугацаанд салбар салбараараа хийх ажлын чиглэлүүдээ эхэндээ гаргаж авсан. Хуучин бол нэг хөтөлбөр гараад ирдэг тэр нь хоёр гурван жилийн дараа дуусах гэж байхад батлагдаж байдаг. Ингээд сонгуулийн дараа байхгүй болж бодлогын заламж халаа алдагдаад байдаг. Бид ерөнхийдөө Дархан-Уул аймгаа “Үйлдвэрлэлийн хот”-ын чиглэлээр хөгжүүлэх ёстой. Иймээс бид мэдээж ажлын байр бий болгоно ингэснээр нийгмийн байгууламжууд нэмэгдэж үйлчилгээний байр ихсэнэ. Ер нь Дархан-Уул аймаг 2030 он гэхэд 150-160 мянган хүнтэй, ирээдүйн чиглэл маань 300 орчим мянган хүнтэй байх ёстой. Хөгжил бол хүний тооноос хамаарч байдаг. Хэдий чинээ олон хүн амтай байх тусам үйлдвэрлэл, ажлын байр, нийгмийн байгууламжууд, боловсрол, сургууль, эрүүл мэндийн байгууллага тэр хэмжээгээр бий болдог. Хөрөнгө нэг халааснаас нөгөө халаасанд орж байж эргэлтэд орж хүний нийгмийн амьдрал явж байдаг. Тэгэхээр бид энэ чиглэлээр ажиллаж байна.
 
-Та сая хөгжил хүний тооноос хамаарч бий болдог гэж хэллээ. Дархан хот ирээдүйд 300 мянган хүн амтай болох юм байна. Энэ тоонд хот өөрийн хүн амын өсөлтөөр хүрэх үү? Аль эсвэл шилжин ирэгсдийн тоогоор нэмэгдэх үү?
 
-Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар манай Дархан-Уул аймагт айлчилж ирсэн. Тэр үед манай аймаг өөрийн саналаа дэвшүүлсэн. Улаанбаатар хотын их ачааллыг Дархан-Уул аймагт авчирья. Улаанбаатар хот өөрөө улсын маань нийслэл, нийслэл хотод үйлдвэрлэл төвлөрөх шаардлагагүй. Өөрөө соёл, шинжлах ухаан, үйлчилгээний хот байх ёстой. Үйлдвэрийн хотууд нь нийслэлээ тойрсон байх нь зөв. Энэ чиглэлээр ажиллах нь зүйтэй юмаа гэсэн энэ саналыг дэвшүүлсэн. Мөн саяхан болсон эдийн засгийн форум дээр ч энэ саналаа илэрхийлсэн. Улаанбаатарын ачааллыг бид хүлээж авахад бэлэн байна шүү. Дарханд бол зам харилцаа хангалттай нийслэлд хамгийн ойрхон дэд бүтцийн хөгжил бэлэн байна. Улаанбаатар шиг газрын асуудал хүнд болчихоогүй байна. Дэд бүтэцээ зөв хөгжүүлбэл газар нь байна. Улаанбаатарын ачааллыг бид татаж авья, болохгүй байгаа арьс ширний үйлдвэрээ нааш нь гаргаад өгөөчээ гэдэг дээр ярьж байна.
 
-Аймаг өөрөө ийм санал гаргаж байгаагаас үзэхэд мэдээж тооцоо судалгаа хийсэн л байх.
Дархан хот Улаанбаатар хотын ачааллыг бууруулахын тулд тэндээс хүн амаас нь татаж суурьшуулна гэсэн үг биз дээ. Тэр их ажлын байрыг хаанаас яаж бий болгох вэ?
 
-Хүн ам нэмэгдэхийн хэрээр ажлын байр шаардагдана. Тиймээс мэдээж том том боловсруулах үйлдвэрүүд бий болж түүнийг дагаад оёдлын үйлдвэр ялангуяа ажлын байр гаргадаг хувийн үйлдвэрүүдийг бий болгох ёстой.
 
-Дархан хот үйлдвэржсэн том хот болоход нөгөө газар тариалан, мал аж ахуй чинь яах вэ? Танай аймаг чинь газар тариалангийн гол бүс нутгийн нэг биз дээ?
 
-Саяхан Монгол Улсын Засгийн газраас газар тариалалтийн бүс нутгийг  зарлаж тогтоосон. Үүнд Дархан-Уул аймаг орж багтсан байгаа. Аймаг маань нэгэнт газар тариалангийн бүс нутагт багтсан болохоор газар тариалангаа цаашид яаж хөгжүүлэх вэ? Мал аж ахуйгаа хааш нь яаж төвлөрүүлэх ёстой юм бэ гэдэг дээр ярилцсан. Ер нь газар тариалалтийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг л хөгжүүлэх ёстой. Эрчимжсэн мал аж ахуй гэдэг маань фермерийн аж ахуйнууд юм. Ялангуяа хот орчмыг сүү, махан бүтээгдэхүүнээр хангах. Энэ чинь өөрөө хот орчмын эрчимжсэн мал аж ахуйн гол зүйл нь байдаг. Бид өндөр ашиг шимтэй мал аж ахуйг бий болгоно гэсэн үг. Суурин мал аж ахуйгаа төвлөрүүлэх ёстой. Харин бэлчээрийн мал аж ахуйгаа яах ёстой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Дархан-Уул аймагт 400 гаруй мянган толгой мал байдаг. Бид бэлчээрийн мал аж ахуйг, алслагдсан бэлчээрийг хүн амьдардаг дэд бүтцүүдийг байгуулах ёстой. Мэдээж малчдыг хотоос зайдуу гаргах ёстой. Ингээд бид мал аж ахуйн бүс нутаг, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг бий болгох ёстой байгаа. Дархан-Уул аймагт бэлчээрийн мал аж ахуйн дэд бүтцийг хөгжүүлэх, ялангуяа хот орчмын мал ахуйг хотоос гаргах чиглэлд энэ жил бид 250 сая төгрөг суулгасан байгаа. Өөрөөр хэлбэл хотын төвд мал бүхий иргэдийг хотын захад байршуулах дэд бүтэцийг нь бий болгох чиглэлээр ажиллаж байна. Ингэснээр Дархан-Уул аймаг маань хотын эрх зүйтэй болж байж хөгжих ёстой.
 
-Дархан хот гэж байгаа ч хуулиараа Дархан-Уул аймаг шүү дээ. Та сая Дархан хот, хотын эрх зүйтэй байж хөгжих ёстой гэж ярилаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Хэрвээ үндсэн хуульд өөрчлөлт орж Дархан-Уул аймгийн төв Дархан, хот болчихвол бусад аймгийн төвүүд бас л хот болох уу? 
 
-Харин үүн дээр чинь л  болгоомжлол бий. Тиймээс бид хууль тогтоогчидтой ярьж байгаа энэ нь хот гээд оруулаад ирнэ энэ нь бас түгээмэл болж магадгүй. Жишээ нь бүх аймгийн төв хот болох гээд байж магадгүй. Тухайлбал Зүүнхараа хот, Шарын гол хот, Налайх хот гэх зэргээр бүгдийнх нь сонирхол байгаа. Хэрвээ ийм байдлаар орчих юм бол цаашдаа бас л буруудна. Яагаад гэвэл улсын зэрэглэлтэй хот бол үндсэндээ Дархан, Эрдэнэт л байх ёстой. Бусад нь орон нутгийн зэрэглэлтэй хот байж болно. Тиймээс эдгээрт хоёр тусад нь тусгай эрх зүйг нь тогтоож өгөх хэрэгтэй байна л даа. Хот гэдэг үг үндсэн хуульд орсон ч гэсэн Хот тосгодын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулалт хийж болно. Үүн дээрээ л Дархан, Эрдэнэт бол улсын зэрэглэлтэй хот, аймгийн төвүүд болон бусад хотуудыг орон нутгийн зэрэглэлтэй хот гэж зааж өгөх ёстой болж байна.
 
-Үндсэн хуульд өөрчлөлт орж хот гэдэг үгийг суулгаснаар Дархан, Эрдэнэт хотууд улсын зэрэглэлтэй хот боллоо гэж бодоход нэр хаяг өөрчлөгдөхөөс өгсүүлээд ихээхэн ажил ундрах байх даа?
 
-Монгол Улсын Үндсэн хуульд Улсын зэрэглэлтэй хот гэж орвол маш олон хуульд өөрчлөлт орно. Үгүй ядахдаа л хотын татвартай болох ёстой шүү дээ. Ингээд Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх хуулиудад өөрчлөлтүүд орно. Тиймээс зарим нэг хууль тогтоогчдын дунд болгоомжлол байгаад байна. Тэглээ гээд зүгээр суугаад байж болохгүй учраас бид энэ бүхнийг их ярьж байгаа. Хууль санаачлагчдын дунд үүн дээр санал нэгтэй байгаа юм. Энэ бүхнийг нэг их хавтгайруулж боллохгүй юм аа яг л саяны хэлдгээр Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл хөгжлийн бүс үүнийг тойрсон хотууд нь үйлдвэрлэлийн бүс гэж. Өндөр хөгжилтэй орнуудын нийслэлд нь үйлдвэрлэлийн бүс байдагүй шүү дээ. Жишээ нь Америкд гэхэд л Нью-Йорк, Вашингтонд үйлдвэрүүд байдаггүй бүгд л нийслэлээсээ гадна талдаа л байдаг. Тэр бүү хэл үйлдвэрүүдээ өөр улсын хотуудад байрлуулж байгаа шүү ээ. Тэхээр бид олон улсын жишиг дагаж хөгжих нь зүйтэй учраас үйлдвэрлэл хөгжсөн эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг дэмжсэн хот байх ёстой гэдэг эцсийн зорилго явж байгаа. Ингээд 2030 он хүртэл бид хотын ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж байгаа болохоор дээр хэлсэн бүхэн уг төлөвлөгөөнд сууж орж ирнэ.
 
-Иргэдийн хурлын ажил яаж явагдаж байна вэ? Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн идэвх санаачлага хэр зэрэг байна. Өнгөрсөн хугацаанд яаж ажиллаж ирэв?
 
-Иргэдийн хурал маань өөрөө бодлогоо боловсруулж батлаад хэрэгжилтийг нь хянах ёстой байдаг. Иргэдийн хурал чинь үйл ажиллагааны хэлбэрүүд олон байдаг, жишээ нь хамгийн том нь иргэдийн хурлын нэгдсэн хуралдаан. Энэ хуралдаанаар зорилтоо тодорхойлж төсвөө баталдаг. Мөн бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний эрх зүйн баримт бичгийг хурлын хуралдаанаар хэлэлцэх учраас үүнийг бид юуны түрүүнд онцгой авч үздэг. Жишээ саяны “Согтууруулах ундааг худалдан борлуулах журам”, “Авто машиныг ачих журам” зэрэг нийтээр дагаж мөрдөх бүх журмууд иргэдийн хурлаар шийдэгддэг. Үүний өмнө иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдааны чөлөөт цагт бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
 
-Аймгийн ИТХ-ын дэргэд Иргэний танхим ажиллаж сар бүр л хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Хэлэлцүүлгээр яригдсан зүйлүүдийг шийдвэр гаргагчдад хүргүүлнэ гэж байгаа харагддаг. Энэ хэлэлцүүлгүүд ер нь ямар ач тустай вэ?
 
-Иргэний танхим маань Тэргүүлэгчдийн хурал болон хурлын хуралдаанаас гарах шийдвэрүүдийн боловсруулалтыг тус танхимаар дамжуулж иргэд, Төрийн бус байгууллагуудын  саналыг авдаг. Тэр ч бүү хэл Засаг дарга шийдвэр гаргахын тулд Иргэний танхимаар дамжуулж санал авч байгаа. Энэ бол гурав дахь хэлбэр нь юм. Дөрөвт бид төлөөлөгчдийн Хяналтын хороодууд бий. Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын 33 төлөөлөгч маань таван хяналтын хороонд хуваагдаад ажиллаж байна. Энэ хяналтын хороодууд өөр өөрсдийн чиглэлээр харьяаллын байгууллагууд тухайлбал нийгмийн бодлогын, аль эсвэл байгаль орчны чиглэлээр гарах бодлого зорилтуудад урьдчилсан дүгнэлтүүдийг гаргадаг. Хамгийн ойрхон жишээ гэхэд л төсөв батлахын өмнө энэ чиглэлийн хяналтын хороо уг төсвийн төслийг хянаж үзээд дүгнэлтээ гаргадаг. Энэ нь Аудитын дүгнэлт гаргадагтай адилхан дүгнэлт гаргаад санал дэвшүүлж хэлэлцүүлдэг. Энэ нь гарч байгаа шийдвэрүүд оновчтой байх, тухайн байгууллагатай газар дээр нь танилцах, иргэдийн саналыг авч тусгах зэрэгт их чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн тавд нь төлөөлөгчдийн зөвлөгөөн байдаг. Энэ зөвлөгөөнийг бид тогтмол хийж ирлээ. Үүгээр бид аль нэгэн бодлогын шийдвэр гаргахаас өмнө тухайн байгууллагын үйл ажиллагаатай заавал танилцдаг. Төлөөлөгчид маань өөрсдөө мэдээлэлтэй байх ёстой. Тиймээс тухайн байгууллагын мэдээллийг сонсож бүрэн дүүрэн ойлголттой байх ёстой.  Манай төлөөлөгчид аймгийнхаа эрчим хүчний бүх байгууллагуудаар орж танилцсанаас гадна Хүнсний үйлдвэр, Нэхий, Төмөрлөгийн үйлдвэр, бүх сумуудаар явж танилцлаа. Энэ бүхэн бол төлөөлөгчид маань бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж бодлогын зөв шийдвэр гаргахад нөлөөлөх учраас ийм танилцах аяллыг хийж ирлээ.
                                                                                                                                                Б.Норовсамбуу
 

Холбоотой мэдээ