Хотуудын албан хаагчид харилцан туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-25 11:08:13
Архангай /МОНЦАМЭ/. “Бусдаас суралцаж бүтээлчээр хөгжье” туршлага судлах арга хэмжээ Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод  хоёр өдрийн турш болж өнгөрлөө.
Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянхонгор аймгийн Баянхонгор, Хөвсгөлийн Мөрөн, Булган аймгийн Булган,  Хэнтий аймгийн Чингис, Архангай аймгийн Цэцэрлэг хот гэсэн зургаан аймгийн төвийн 200 орчим төлөөлөгчид дээрх арга хэмжээнд ирсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь тухайн хотуудын ИТХ, ЗДТГ, Хот тохижилтын газрууд хоорондоо туршлага судалж, бие биедээ шинэ ажлын санаа өгдөг ач холбогдолтой ажээ. Тэд туршлага судлахаас гадна волейбол, теннис, буухиа, дартс, биллъярд гэсэн 5 төрлөөр нөхөрсөг спортоор өрсөлдөж, 1-р байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, 2-р байрт Баянхонгор хот, 3-р байрт Цэцэрлэг хот тус тус орсон юм.

Цэцэрлэг хотын тухайд бусад аймгаас олон туршлага судалсан байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Хэрлэн сум нь хот доторх газрын асуудлаа шийддэг, Хот тохижилтын газрын үйл ажиллагааг байнга дэмжиж техник, хэрэгслээр бүрэн хангасан байдал, Булган хот нь өрхүүдийн ангилсан хогийг гаднаас нь шууд ачих ажлыг 100 хувьд хүргэсэн, Баянхонгор хотын бүх багууд нь дэргэдээ спорт заалтай, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж чадсан байдал, Арвайхээр хотын хүүхэд, залуучуудын парк зэрэг орон нутагтаа хэрэгжүүл болох ажлуудын талаар туршлага судалсан байна.
Цэцэрлэг хотын зүгээс бусад аймгуудад орон нутагтаа үйлдвэрлэж байгаа “Амин чанар” уураг болон цагаан идээ, модон эдлэл, многол гутлын үйлдвэрлэлээ танилцуулжээ. Мөн Авто тээврийн төв, “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төв, багийн төвүүдийн барилгын шинэчлэл зэргийн талаар мэдээлэл өгчээ. 

Энэхүү туршлага солилцох арга хэмжээ нь анх 2014 онд эхэлж байсан бөгөөд өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болж байжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ