“Гэр бүлийг дэмжих” хөтөлбөр танилцуулах сургалтад 100 гаруй хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-20 09:25:36
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн Зөн Ховд” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран сум, орон нутгийн хамтарсан багийн гишүүдийг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр шинэ мэдлэг, мэдээллээр хангах, чадавхжуулах сургалт боллоо.
Орон нутагт гэр бүлийг дэмжих нийгмийн суурь үйлчилгээний төрөл хэлбэрийг бий болгох, “Гэр бүлийг дэмжих” туршилтын хөтөлбөрийн аргачлалыг танилцуулах зорилгоор “Хариуцлагатай хамтарсан баг” сэдэвт сургалт энэ оны 06 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сургалтын танхимд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад хамтарсан багийн гишүүд буюу тус аймгийн 17 сумын Засаг дарга, сумын нийгмийн бодлогын ажилтан, эмнэлгийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, сумдын хэсгийн төлөөлөгч, Насан туршийн боловсролын төвийн багш, хүүхдийн элч, Үндэсний сургагч багш, ГБХЗХГ-ын мэргэжилтэн, “Дэлхийн зөн Ховд” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн төлөөлөл нийт 110 хүн хамрагдлаа.
Сургалтын чиглүүлэгчээр Үндэсний сургагч багш Д.Ундраа, аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд ажиллаж “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгаалалтай холбоотой хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хууль тогтоомжийг практикт хэрэглэх нь”, “Хүүхэдтэй зүй бусаар харилцаж буй хэлбэрүүд, түүнийг таних илрүүлэх нь”, “Хамтарсан багийн хөгжил”, “Хамтарсан багийн гишүүдийн үүрэг оролцоо”, “Гэр бүлийн тухай ойлголт, түүний үнэ цэнэ, эрх үүрэг”, “Сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх арга зүй”, “Мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах аргачлал” сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ