“Бадрал сан” бүх суманд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-18 19:23:40
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтаж "Бадрал сан" төрийн бус байгууллага, АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран орон нутгийн иргэдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байна.
“Монгол хүн-монгол хүнийхээ төлөө” уриан дор Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан сумдаар шүдний үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээний сайн дурын аяныг зохион байгуулан нийт 2000-аад хүнийг эмчилжээ.
-"Бадрал сан" төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батбаяр Булган сумын ахмадууд болон эрүүл мэндийн сайн дурын туслагч нартай уулзалт ярилцлага зохион байгуулж, эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын үйл ажиллагаа болон ахмадуудын эрүүл мэндийн асуудлаар санал бодлоо солилцсон. Эрүүл мэндийн сайн дурын туслагч нарт цусны даралтын аппарат, чагнуур, халуун хэмжигч олголоо гэж Булган сумын ахмадын хорооны дарга С.Цолмон ярив.
"Бадрал сан" төрийн бус байгууллагын санаачилгаар хэрэгжиж байгаа амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлолгоо, эмчилгээг аймгийн зүүн хойд бүс болох Бугат, Сэлэнгэ, Хангал суманд хийж эхэллээ.
Энэ онд багтаан аймгийн хэмжээнд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлолгоо, эмчилгээг хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм.
М.Батжаргал

Холбоотой мэдээ