Ногоон хот болох зорилт Зүүн хойд Азийн хотуудыг нэгтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-06-18 13:57:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр манай улсын нийслэлд эхэлж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын зорилго байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэхэд оршиж байна.
Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож, “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор чуулж буй форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ, “Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь амьдардаг Зүүн хойд Азийн бүс нутаг олон улс орны өмнө нийтээр тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын түвшинд бууруулах арга замуудыг хэлэлцэж, туршлага хуваалцахаар хуран цуглараад байна” гэв. 
Хот суурин газрууд нийт хүлэмжийн хийн 60 гаруй хувийг ялгаруулж, цаг агаарын өөрчлөлт, байгаль экологийн хувьсалууд хүрээлэн буй орчинд нөлөөлж байгаа нөхцөлд хотын хөгжлийн сайн бодлого бол санхүүжилт бага шаардах, богино хугацаанд үр дүнгээ өгөх хүлэмжийн хийг бууруулах шалгарсан технологийг нэвтрүүлэх явдал юм гэдгийг тэрээр онцлоод, дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 2 цельсийн хэмээс  доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн хэмд  хязгаарлах олон улсын зорилтод хүрэх  арга зам нь ч технологи юм. Өнөө цаг үед Зүүн хойд Ази нь технологи, инновацийн төв байсаар ирсэн бөгөөд энэ бүс нутгийн нэг гол төв Улаанбаатар хотод танилцуулах байгалийн нөөц бага ашигладаг, бүтээмж өндөртэй технологийн шийдлүүд дэлхийн бусад хотуудад үлгэр жишээ болж түгэн дэлгэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Монгол орны хувьд газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцооноосоо шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн ихээр өртөж байгааг тэмдэглэн хэлээд, цөлжилт, ган зудын давтамж нэмэгдсэнээс үүдэн хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн эрс өсч энэ нь хотын төлөвлөлтгүй тэлэлт, агаар, орчны бохирдлын үндэс болж байна гэв. Тэрээр Тогтвортой байдлын төлөөх орон нутгийн захиргаадын олон улсын байгууллагын (ICLEI)-ын Зүүн Азийн удирдах хорооны гишүүний хувиар, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг анхлан санаачлагч Улаанбаатарын хотын даргын хувьд энэ удаагийн хуралдаанаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг байнгын статус бүхий ажиллагаатай байгууллагын хэмжээнд хүргэж, нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах нь зөв гэсэн саналыг хуралд оролцогчдод хандан дэвшүүлж байгаагаа уламжилж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод бүс нутгийн түүний дотор, хотуудын оруулах  хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг, нөлөө бүхий түншлэл, хамтын ажиллагаа, технологи дамжуулалтын суурь энэ форумаар тавигдана гэдэгт итгэж байна гэв.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон улсын форумд оролцогч зочид төлөөлөгчдөд хандан ирүүлсэн мэндчилгээндээ, байгаль цаг уурын өөрчлөлт, хувьсалын эсрэг хүн төрөлхтөн дангаараа биш даяаршиж, хамтдаа туулах шаардлага тулгарч, бүс нутгаараа ийнхүү чуулж байгаа нь олон улсын түвшинд үлгэр болохуйц үйл ажиллагаа юм гэдгийг дурдаад, Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй “Ногоон хот руу тэмүүлж, нүүрс хүчлийн хийн бага ялгаралт бүхий хот” болох зорилго биднийг нэгтгэж байна.
2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсний дагуу Монгол Улсын парламентаас уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн түвшнээс 14 хувиар бууруулахаар тавьсан зорилтоо үр дүнд хүргэхэд та бүхний дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн бодлого чухал түлхэц өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах чиглэлээр аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цэвэр технологийг нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад Монгол Улсын Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэсэн юм.
Форумд оролцогчдод хандан оролцогч хотуудын төлөөлөл БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга  Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Юн Жун Бён, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Александр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Юү Жү Ёон, ЯпоныТокио хотын Байгаль орчны газрын Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний хэлтсийн дарга Хигашикава Наобүм нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм. Өнөөдөр чуулганы хүрээнд “Ногоон хөгжлийг бий болгох чиглэлээр хотуудын баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээлүүд”, “Нүүрстөрөгч багатай хотуудын технологийн шийдлүүд ба сайн туршлагууд” сэдвээр салбар хуралдаанууд болж оролцогч хотын төлөөллүүд илтгэл тавин хэлэлцүүлж байна.
Форум маргааш “АСЕМ Вилла”-д үргэлжилж, өнөөдрийн хуралдаанаар гарсан санал дүгнэлт, туршлагаа нэгтгэн цаашдын алхамын талаар чуулж, төгсгөлд нь форумыг байнгын ажиллагаатай механизм болгох талаар Улаанбаатар хотын захирагч С.Батболдын дэвшүүлэн тавьсан саналыг хэлэлцэн санал хураалт явуулж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын дараагийн буюу 4 дэх удаагийн форумыг зохион байгуулах хотыг тодруулах зэрэг зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж өндөрлөнө.
Тодруулга: Анх 2014 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын санаачилгаар эхэлсэн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум нь экологи, шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал зэрэг ногоон хот болох бодлогыг хөндөж, хотууд энэ талаар туршлагаа хуваалцаж, хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны сэдвийн дор хоёр жил тутамд чуулж ирсэн онцлогтой бөгөөд энэ удаагийн 3-р чуулган ч хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах сэдвийг ийнхүү хөндөж байна.
 
Б.Болд
 
 
 
Холбоотой мэдээ