Манжуур хотод “Эрдэнэтийн эдийн засаг, соёлын өдрүүд”-ийг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-17 21:26:31
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 8-10-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод анх удаа “Эрдэнэт хотын эдийн засаг, соёлын өдрүүд” боллоо. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ХОХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Орхон аймаг Манжуур хоттой 2015 онд анх найрамдалт харилцаа тогтоож 2016 оны 12 дугаар сард хамтран ажиллах “Санамж бичиг” үйлдэж байсан юм.
Манжуур хотын Гадаад харилцааны удирдлагын ордонд аймгийн Засаг дарга Д.Батлут, Манжуур хотын Намын хорооны дарга Чэнь Ли Шинь нар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурж, хоёр хот аялал жуулчлалын сүлжээ байгуулах, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтрах, Орхон аймагт баригдах “Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэн” байгуулахад дэмжин ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Манжуур хотын Намын хорооны дарга Чэнь Ли Шинь,  Манжуур хотод жил бүрийн долоодугаар сард болдог “Олон Улсын шинжлэх ухаан, технологийн экспо”-д оролцохыг урихын сацуу соёл, урлаг, боловсрол, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд энэ удаагийн уулзалтын зорилго оршиж байна гэсэн юм. 
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Батлут 20 дугаар сургуулийн сурагчдын бүтээлийн дээжээс Манжуур хотын удирдлагуудад бэлэглэж, “Бид хүүхдүүдийн бүтээлийг орон нутгийн бэлгийн багцдаа худалдан авч, хүүхэд тус бүрт хадгаламжийн данс нээн, ирээдүйн баялаг бүтээгчдийг урамшуулж байгаа” гэсэн юм.  Үүнийг зөв санаачилга, зөв уриалга байна хэмээн Манжуур хотын удирдлагууд олзуурхаж байсныг тэмдэглэе.
Орхон аймгийн бизнес эрхлэгчид 100 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ
“Азийн цонх” гэгддэг Манжуур хотод анх удаа Эрдэнэтийн бизнес эрхлэгчид брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, Бэй Фан талбайд гурав хоногийн турш үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд Орхон аймгийн өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэгч, аймгийн брэнд лого эзэмшигч компанийн төлөөлөл болох 30 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцлоо.
Арьс, ширэн эдлэлийн “Ширмэг цүнх”,   “Эрдэнэт хивс”,  ноос ноолууран эдлэлийн “Дүдө” эсгий эдлэлийн “Монгол хонины ноос” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээрээ дамжуулж аймаг орон нутгаа сурталчилж  100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. Эдгээр аж ахуйн нэгж нь Орхон аймаг дахь ХАҮТ болон ЗДТГ-ын ХОХБТХ-тэй хамтран ажиллаж аймаг, орон нутгаас хөнгөлөлттэй зээл, тусламж авч үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлж, орон нутгийн төсөвт багагүй татвар төвлөрүүлдэг компаниуд юм. Дээрх 30 аж ахуйн нэгжийн замын зардалыг орон нутгийн төсвөөс төлж үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талбайн түрээсийг Манжуур хотын удирдлагуудтай тохиролцсоны үндсэн дээр хөнгөлөлт үзүүлсэн юм.
Бизнес эрхлэгчид хэлэхдээ, “ Орхон аймгийн ЗДТГ-аас  анх удаа Манжуур хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаад талархаж байна. Цаашид гадаад улс дахь үзэсгэлэн, худалдаанд оролцоход туршлагатай болохын сацуу энэ удаа бүхий л зардлыг орон нутгаас шийдвэрлэж, дэмжин ажилласанд баяртай байна” хэмээсэн юм.
“Хайрлан жаргах эх орон” тоглолт Манжуур хотын тайзнаа анх удаа тоглолоо
Уурхайчин соёлын ордны дэргэдэх “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга Манжуур хотод анх удаа “Хайрлан жаргах эх орон” тоглолтоо толилууллаа. Тус  чуулга  уг тоглолтыг өнгөрсөн тавдугаар сард Уул, уурхайн 90 жилийн ойд зориулж бэлтгэсэн бөгөөд монгол ахуй, зан, заншил, Эрдэнэт хотын онцлогийг харуулсан дуу, бүжиг, хөөмий , шүлэг зэргийг толилуулсан юм. Үүнээс Эрдэнэт хот, Монгол ахуйн талаарх уран бүтээлийг Манжуур хотын  иргэдэд сонирхууллаа. Тус тоглолтод нийт 40 гаруй уран бүтээлч оролцсон юм. 
 
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ