Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-15 18:31:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхийг бэхжүүлэх, төвлөрөлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг төсөл санаачлагч Д.Тогтохсүрэн гишүүн онцолсон.

Тэрбээр, “Төвлөрөлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Тиймээс Нийгмийн даатгалын тухай хуулийн “Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага” гэсэн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Мөн өдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр шийдвэрлэв. Харин Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцааснаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ