Дөрөвдэх удаагийн багшийн сэтгэл хүүхдэд арга хэмжээнд 600 гаруй хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-14 22:27:40

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумд сайн багш хөтөлбөрийн хүрээнд”Багшийн сэтгэл хүүхдэд-IV” нэртэй ээлжит арга хэмжээ болж 600 гаруй хүн оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь багш, ажилтны хөгжлийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, бага насны хүүхэдтэй ажиллах арга зүйг эзэмшүүлэх зорилготой ажээ.
Энэ үеэр цэцэрлэгийн эрхлэгч, багш, туслах багш, тогооч, үйлчилгээний ажилчид, харуул хамгаалалтын ажилтнуудад цогц сургалт, ур чадварын тэмцээнийг зохион байгуулснаараа онцлог болов.  Мөн хүүхдийн гар зургийн болон “Энгийн хөгжмийн зэмсгээр хүүхдийг хөгжүүлэх нь” сэдэвт багш, ажилтны бүтээлийн үзэсгэлэнг тус тус гаргажээ. Түүнчлэн багш нарынхаа мэдлэг, ур чадвар, арга зүйг дээшлүүлээд зогсохгүй тэднийг эрүүл мэндийн шинжилгээ үзлэгт хамруулсан байна.  

Ур чадвараараа тэргүүлсэн багш нар Манжуур, Солонгос улсад аялах эрхээр шагнуулав


”Багшийн сэтгэл хүүхдэд-IV” нэртэй арга хэмжээний багш нарын ур чадварыг шалгах уралдаанд амжилттай оролцсон багш нар гадаадад аялах эрхээр шагнуулжээ.
Тухайлбал цэцэрлэгийн багш, туслах багш, тогооч нарын ур чадварын уралдаанд тэргүүн байр эзэлсэн ажилчид БНСУ-д мэргэжил дээшлүүлэх аялах эрхээр, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багш нар Хөх хотод аялах эрхээр, дөрөв, тавдугаар байр эзэлсэн багш, тогооч нар Манжуур хотод аялах эрхээр шагнуулжээ. Харин багш нарын ур чадварын уралдаанд тэргүүн байранд Цагаанчулуут сумын цэцэрлэгийн багш Б.Өнөржаргал, дэд байранд Цэцэн-Уул сумын багш Ж.Наранжаргал, гуравдугаар байранд Дөрвөлжин сумын цэцэрлэгийн багш н.Хандсүрэн, дөрөвдүгээр байранд Сонгино, Түдэвтэй, сумдын багш нар шалгарчээ. Цэцэрлэгийн туслах багшийн ур чадварын уралдаанд тэргүүн байранд Тосонцэнгэл сумын 3-р цэцэрлэгийн туслах багш Э.Азжаргал, дэд байранд Отгон сумын цэцэрлэгийн туслах багш н.Болортуяа, удаах байруудад Баянхайрхан, Улиастай, Алдархаан сумын багш нар шалгарчээ. Цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын уралдаанд тэргүүн байранд Улиастай сумын улсын тэргүүний 1-р цэцэрлэгийн тогооч Ж.Мөнхтуяа шалгарч БНСУ-д









аялах эрхтэй боллоо. Харин удаах байруудад Алдархаан, Улиастай сумын 6-р цэцэрлэгийн тогооч нар шалгарч Хөх хотод аялах эрхээр шагнуулжээ.

Аймгийн шилдгийн шилдэг нэг багшийг 10 сая төгрөгөөр урамшуулна


”Багшийн сэтгэл хүүхдэд” нэртэй арга хэмжээг жил бүрийн эцэст дүгнэж шилдгийн шилдэг 100 багшийг шалгаруулах юм байна.
Тухайлбал ”Багшийн сэтгэл хүүхдэд-IV” нэртэй арга хэмжээний  үеэр СӨБ-ийн багш нарын дунд шилдэг багш шалгаруулах ур чадварын уралдаан зарлажээ. Оны эцэст шилдэг 100 багшийг шалгаруулж тус бүр 300 мянган төгрөгөөр, шилдэг 9 багшийг тус бүр нэг сая төгрөгөөр, шилдгийн шилдэг нэг багшийг 10 сая төгрөгөөр урамшуулахаар болсноо аймгийн удирдлагууд зарлав. Цаашид Завхан аймаг жил бүр СӨБ-ийн болон ЕБС-ийн шилдэг багш нараа шалгаруулж, амжилтыг нь өндрөөр үнэлнэ. Ингэснээр сургалтын чанар эрс сайжирна.  Ирээдүйд нутаг орныхоо хөгжлийг тодорхойлох шилдэг боловсон хүчин бэлтгэхийн тулд  багш нарын мэдлэг, ур чадвар сайн, хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй байх ёстой. Тиймээс энэхүү арга хэмжээг багш, удирдах ажилтны сургалт хэлбэрээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарт гурван удаа зохион байгуулсан бол энэ удаад сургуулийн өмнөх боловсролын багш нараа чадавхижууллаа. Энэ удаагийн үйл ажиллагаанд  ШУТИС, МУБИС-ийн багш нар, нийслэлийн тэргүүний цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, туслах багш нар Завхан аймгийн Боловсрол соёл урлагийн газар, аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллалаа хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн   


Холбоотой мэдээ