Х.Тэмүүжин: Шинэ эрүүгийн хууль гэмт хэрэг, зөрчил гэсэн хоёр ангилалтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭЭрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс зарим зүйлийг тодруулсан юм.
-УИХ дахь МАН-ын бүлэг Эрүүгийн хуулийг шүүмжилж, батлах боломжгүй гэж мэдэгдэж байгаа. Ямар шалтгаанаар ингэж үзэж байгааг тайлбарлаач?
-Эрүүгийн хууль МАН-ын бүлэг цаазаар авах ялыг халсан, рецедив гэмт хэрэг гэсэн ойлголт, гэмт хэргийн хохирол, ялтай байдлыг алга болгож байгааг дэмжихгүй байна гэсэн дөрвөн зүйлийг хэлсэн. Монгол Улс Цаазын ялаас татгалзах олон улсын Конвенцид нэгдэн орсон. Энэ үүргээ биелүүлж, цаазын ялыг хууль тогтоомжоосоо алга болгох хэрэгтэй. Энэ асуудлыг өнөөдөр биш зургаан жилийн өмнө ярьж байсан.
Гэмт хэргийн ангиллын хувьд, ний нуугүй хэлэхэд манай улс шиг гэмт хэргийг хөнгөн, хүндэтвэр, хүнд, онц хүнд гэж ангилдаг орон байхгүй. Үүнээс болоод “шоронжсон” нийгэмд орж байгаа юм. Тиймээс шинэ эрүүгийн хуульд гэмт хэрэг, зөрчил гэсэн хоёрхон ангилал байхаар оруулж ирсэн. Рецедив гэмт хэрэгтэн буюу өмнө нь хийсэн гэмт хэрэг дээр нь үндэслэж ялладгийг болих хэрэгтэй гэж үзэж байгаа. Дөрөвт нь ял эдлээд гарч ирсэн хүмүүсийг ялтай гэдгээр нь тодотгож, онцлохыг болих цаг болсон. Энэ бол социалист нийгэмд л байсан зүйл. Гэх мэтчилэн маш олон дэвшил шинэ хуулиар гарна. Одоо мөрдөгдөж байгаагаас 20-30 дахин дэвшил рүү хөтөлнө гэж би итгэж байгаа. Ядаж л 10 мянган төгрөгийн төлөө 10 жилийн хорих ял эдлүүлдэг байсан тэр тогтолцоо алга болно. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг ялгаж, нарийвчлан зохицуулж байгаа.
-Ял эдэлж байсан гэх тодорхойлолт байхгүй болно гэсэн үг үү?
-Энэ тодорхойлолт зарим нэг албан тушаалд л хэрэг болохоос нийтээр хавтгайруулж, ялтай байдал гэдэг ойлголтыг хамруулах болино гэсэн үг. Ял эдлээд гарсан хүнийг ялгаварлан гадуурхахыг болиулах зорилгоор ийм зохицуулалт хийж байна.
-Мөнгөтэй хүмүүс торгууль төлөөд ял эдлэхгүй байх боломжийг олгоно гэж шүүмжлээд байгаа нь ямар учиртай юм?
-“Зорчих эрхийг хязгаарлах” гэдэг зохицуулалтыг ОХУ хэрэглээд 7 жил болж байна. Жишээ нь хүн гүтгэсэн гэмт хэрэгт холбогдвол 6 жил шоронд орох уу эсвэл 6 жил гэртээ хорионд байх уу гэвэл алийг нь сонгох вэ? Хүнд ийм сонголтыг өгөх ёстой. Гэхдээ энэ заалтад хамрагдахгүй гэмт хэргүүд бий. Түүнд өгөхгүй.
-Хуульд тооцооны нэгж гэж хаа ч байхгүй томъёолол оруулж ирсэн гэж Ц.Нямдорж гишүүн хэлж байсан. Энэ тухайд?
-Өнгөрсөн хаврын чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Хууль зүйн байнгын хороо “тооцооны” гэсэн үгийг авч “нэгж” гэдгээр илэрхийлж, валютын ханштай байсныг болиулж төгрөгөөр илэрхийлдэг болгож санал хураасан. Хууль зүйн сайд байсан хүн үүнийг мэдээгүй байгаад гайхаж байгаа. Хуралдаа суудаггүй гэж л ойлгож байна.
-Цаазаар авах ялгүй болохоор харгис хэрцгий гэмт хэрэг гарах нь нэмэгддэг гэж ярьдаг?
-Тооцоо судалгааг л үндэслэх хэрэгтэй. Цаазаар авах ял байсан байгаагүй гэмт хэргийн гаралт хэвээр байдаг. Хууль зүйн үндэсний хүрээлэнд энэ талаарх судалгаа бий.
-Шүүх байгуулах тухай хуулийн заалттай холбогдох Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт Цэцээс гарч, УИХ түүнийг нь хүлээж авсанд Ерөнхийлөгч хориг тавьсан. Харин үүнийг нь өнөөдөр УИХ хүлээгээд авчихлаа. Одоо тэгэхээр ямар процесс болох вэ?
-Одоо УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээ дахин хэлэлцэнэ. Ерөнхийлөгч бол зөвхөн УИХ-ын тогтоолд хориг тавьсан гэдгийг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй. Тэрнээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэнд хориг тавихгүй. Цэц маргааныг их суудлаараа эцэслэн шийдвэрлэх эрх нь нээлттэй байгаа.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал