Чойбалсан хотын 80 жилийн ойд хөрш хотуудын төлөөлөгчид оролцоно

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-06-12 19:10:29
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв Чойбалсан хотын түүхт 80 жилийн ой ирэх намар болно. Түүхт ойгоо угтан Хэрлэн сумын ЗДТГ-аас нийгэм рүү чиглэсэн олон төрлийн ажил зохиохоос гадна хотын өнгө үзэмжийг ч сайжруулахад онцгой анхаарч байгаа юм.
Тухайлбал, хүүхэд багачууд, залуучууд, ахмадууд, ХБИ гэхчлэн бүх насныхныг хамруулсан 20 гаруй спортын тэмцээн уралдаан зохион байгуулжээ.
Ирэх есдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэх өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэх ойн арга хэмжээнд хөрш зэргэлдээ Чита, Борзъя, Ага, Хайлаар, Манжуур, Амгаланбаатар, Алтан-Эмээл хотын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцоно гэдгээ илэрхийлээд байна.
Чойбалсан хотын түүхийг сөхвөл, анх 1821 онд халхын Сэцэн ханы удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа буюу тамгын газар бүхий сууринг одоогийн Чойбалсан хотын суурин дээр барьж байгуулжээ. 1923 онд Баянтүмэн Хан-Уулын хошууны төв, 1931 оноос Дорнод аймгийн төв суурин болсон байна. Дараа нь 1938 онд хотын зэрэг олгож, 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор нам төрийн тэргүүний нэрээр “Чойбалсан” хэмээн нэрлэсэн байдаг.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ