Төв захад мал, мах зарж байгаа иргэдэд сануулга өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-12 15:21:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төв захад мал, малын гаралтай түүхий эд, өвс тэжээл худалдан борлуулахгүй байх шийдвэрийг Арвайхээр сумын ИТХ-аас 2017 онд гаргасан. Энэ хүрээнд Арвайхээр сумын Засаг даргын 2018 оны а/81 захирамж гарч, Цагдаагийн газар, Мал эмнэлэг үржлийн тасаг хамтран шалгалт хийж байна.
Хэдийгээр уг шийдвэр өнгөрсөн жилийн намар гарсан ч өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан бизнес эрхлэгчдийн хүсэлтээр хавар болтол хойшлуулсан юм. Гэвч мал, малын гаралтай түүхий эд, өвс тэжээл худалдан борлуулагчид заасан хугацаанд товлосон газраа очоогүй учраас ийнхүү хяналт шалгалт тавьж, шаардлага хүргэж байгаа аж. 
Захирамж, тогтоолыг зөрчсөн тохиолдолд “Зөрчлийн тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу хувь хүнийг 150 мянга, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм. Энэ удаа зөрчил гаргасан иргэдэд сануулга өгч, зөрчлөө арилгах талаар гарын үсгийг зуруулан баталгаажууллаа.
Мал, малын гаралтай түүхий эдийн худалдааны захыг хуучин төв колонкийн баруун талд байгуулжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ