“Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв” үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-08 14:41:30
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв” өнөөдөр МУИС-ийн Номын санд нээлтээ хийлээ.

Дэлхий дээр 350 сая гаруй хүн франц хэлээр ярьдаг. Франц хэл нь НҮБ, ЮНЕСКО, Олон улсын олимпийн хорооны албан ёсны бичгийн хэл бөгөөд МУИС 1963 оноос эхлэн франц хэлний сургалтыг явуулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 500 гаруй мэргэжилтэн тус хэлийг эзэмшиж төгсчээ.
Тус төвийг нээснээр манай улсад хөгжингүй орны их дээд, сургуулийн хөтөлбөр, сургалт болон судалгааны арга барил, туршлагаас хуваалцах, магистр, докторын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, франц хэлт мэргэжилтэн, багш, оюутнуудыг бүх салбар чиглэлээр сурч, ажиллахад туслах, олон улсын онлайн номын сангийн эрх авах, алсын зайн сургалт, жижиг дунд бизнес эрхлэлт /энтрепренер/, инновацийг дэмжих зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой хэмээн Франц хэлтэн орнуудын Инноваци, Хамтын ажиллагааны төвийн захирал Б.Алтангүл хэллээ.
Энэхүү төв нь МУИС-д франц хэлээр сурч буй оюутнуудыг мэдээллээр хангаж цаашид үргэлжлүүлэн суралцах чиглэлээр зөвлөгөө өгөх, хэлний мэдлэгээ дээшлүүлэх  боломжоор ханган төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулах юм. Энэ нь МУИС-ийг 2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний багшийн чадавхийг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацийн соёлыг төлөвшүүлэх зэрэг зорилтод хүрэхэд хувь нэмэр оруулах аж.
Дашрамд дурдахад, МУИС ирэх 8 дугаар сард “Монгол дахь аялал жуулчлалын өнөөгийн байдал” сэдвээр хоёр дахь удаагийн зуны сургалт явуулахаар төсөл нь шалгарчээ. Монгол Улсад анх удаа 2016 онд “Монголын өв соёл” франц хэлт оюутны анхны зуны сургалтыг зохион байгуулсан юм.
О.Болорцэцэг
Холбоотой мэдээ