Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-06 12:26:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газраас уг хуулийн төслийг Иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зохицуулалтыг сайжруулах, бүртгэлийн үйл ажиллагааг мэргэжлийн нэгдсэн арга зүй, бодлого, чиглэлээр хангах зорилгоор 6 бүлэг, 30 зүйлтэй байхаар боловсруулсан юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс нийт 19 зарчмын зөрүүтэй санал боловсруулсан байна. Уг саналыг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Тухайлбал, гадаадын иргэн Монгол Улсаас харъяалалгүй хүүхдийг үрчлэн авахтай холбоотой заалтыг хуулийн төслөөс хасах санал гаргасан байна. Уг асуудлыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулдаг тул давхар заалт оруулах шаардлагагүй хэмээн үзжээ. Мөн иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно, хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын хаяг дээр оршин суух хаяггүй иргэнийг бүртгэх зэрэг санал гаргажээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ийнхүү зарчмын зөрүүтэй 19 санал тус бүрээр санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ