Беате Транкманн: Төсвийн хөрөнгийг Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад зарцуулах нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-05-31 17:44:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн үнэлгээ:Тогтвортой хөгжлийн санхүүжилтийг төрөлжүүлэх нь" сэдэвт тайлан боловсруулснаа өнөөдөр танилцуулав.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Беате Транкманн хэлэхдээ, "Хөгжлийн салбарт эдийн засгийн өсөлтийг дан ганц тоон дүнгээр харах нь өрөөсгөл. Өсөлт хэр хүртээмжтэй,  олон талын оролцоо хэр хангагдав гэдгийг дүгнэх нь чухал. Монгол Улсын хувьд 2015 онд УИХ-аар баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд дээр тулгуурлан Засгийн газраас гаргасан 2030 хүртэлх хөгжлийн бодлого, бодлогын баримт бичигт хэнийг ч орхигдуулалгүйгээр хүртээмжтэй өсөлтийг хангах нь чухал гэдгийг тусгасан. Энэ зорилтод хүрэхэд төсвийн хөрөнгийг зарцуулах нь чухал гэж үзээд үнэлгээ тайланг гаргахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс  Монгол Улсыг сонгосон. Судалгаа бүхий тайланг Монгол Улсын Засгийн газрын сүүлийн хоёр жилийн үйл ажиллагааны хөгжлийн санхүүжилт дээр тулгуурлан гаргахдаа цаашид юун дээр анхаарч ажиллах зөвлөмжүүдийг тусгасан. Төр, засаг мөнгө босгохдоо бус байгаа мөнгөө хэрэгтэй газарт буюу хөгжих салбарт  оруулж хэрхэн үр дүнд хүргэх вэ  гэдэгт голлон анхаарахыг  тайланд зөвлөсөн" гэв.



НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Азийн бүс хариуцсан ахлах эдийн засагч Билл Бикалес хэлэхдээ, Монгол Улсын хувьд өнөөдөр төсвөө ярихаас илүүтэй ямар боломжууд байгааг ярилцах хэрэгтэй байна. Дараагийн асуудал нь орж ирсэн мөнгөө хэр үр ашигтай зарцуулах вэ гэдэгт төвлөрөх ёстой. Төсвийн хөрөнгөө Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд зарцуулах нь чухал. Энд төсвийн удирдлагын бүтэц, тогтолцоо ямар байх нь чухал хамааралтайг тайланд онцолсон. Өнөөдөр Монголд ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа нь хөтөлбөрийн хүрээнд хийх ажлууд тов тодорхой, төлөвлөгөөтэй, хяналт гүйцэтгэл нарийн чанд, хатуу, цогц байдлаар тусгагдсаных юм. Монгол Улсын Засгийн газар төсвийн зарцуулалт дээр яг л ингэж ажиллах хэрэгтэй" гэлээ.

 Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа, "Манай улсад 1990-ээд оноос хойш өнөөдрийг хүртэл гадна дотны 200-гаад төсөл хөтөлбөр хэрэгжиж, өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагуудаас нийт 6 тэрбум ам.долларын санхүүжилт аваад байна. Бид энэ их хөрөнгийг юунд, яаж хэр үр ашиг, өгөөжтэй зарцуулав гэдэгт цаашид анхаарах зүйлсийг тайланд тусгасан нь сайн хэрэг юм.
Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас  хамааралтайгаас үүдэн орлого  хэлбэлздэг. Орлого нэмэгдвэл зарлагаа  нэмчихдэг зэрэг буруу тогтолцоог засах, улс төр дагасан эдийн засгийг биш тогтвортой өсөлт гаргах эдийн засгийг хангах нь чухал" хэмээв.
 
Б.Болд
Холбоотой мэдээ