Эх баригчид яаралтай тусламж үзүүлэх ур чадвараа сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-30 18:16:13
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Орон нутагт ажиллаж буй эх баригчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор Олон улсын Ротари Сангийн санхүүжилтээр Улаанбаатар Ротари клуб, Нийслэлийн Өргөө Амаржих газар, АШУҮИС, Сувилахуйн сургуулийн хамтарсан багийнхан энэ сарын 28-30-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай хотноо “Эх баригчдын эмнэл зүйн яаралтай тусламжийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт  сургалт зохион байгууллаа. 
Эх барихын эрүүл мэндийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх энэхүү сургалт нь 2013 оноос хойш манай улсад хэрэгжиж эхэлсэн “Эх нярайн эрүүл мэндийн боловсрол” төслийн хүрээнд, АШУҮИС-ийн Говь-Алтай салбар сургуулийг түшиглэн зохиогдлоо.
Сургалтад тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон 18 сум, хоёр тосгоны 40 гаруй эх баригч оролцов. Тэд ажлын байранд тулгамддаг яаралтай тусламжийн асуудлууд, тодруулбал жирэмсэн эмэгтэй төрөх үед ургийн мөр тээглэх, өгзгөөр төрөх, хүй унжих, төрөхийн өмнөх болон дараах цус алдалт, умайн гадуурх жирэмслэлт түүнтэй холбоотой бэрхшээлүүд тулгарсан үед авах аргачлалын тухай шиэн мэдлэг авч,  ур чадвараа сайжруулжээ.  
Сургалт зохион байгуулагчдын багт Шинэ Зеланд, Австрали улсын сургагч эх баригчид мөн Улаанбаатар Ротари клубын гишүүд, Өргөө амаржих газрын эх барихын их эмч, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Эх барихын тэнхимийн багш нар орж, сургалтыг удирдан чиглүүлсэн юм. 
“Эх нярайн эрүүл мэндийн боловсрол” төсөл нь 2013 оноос Монгол Улсад хэрэжиж эхэлснээс хойш Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь аймгийн 550 гаруй эх баригчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлсэн байна. 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ