Ахмад настны соёл урлагийн наадмын эхний шатанд 7000 ахмад оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-28 12:12:58
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Ахмад настны соёл урлагийн 2-р их наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 12-27-нд амжилттай болж өндөрлөлөө.
Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгонд болсон уг арга хэмжээнд нийт 7000 гаруй ахмад биечлэн оролцож, ширгэшгүй шавхагдашгүй их авъяас тэтгэвэрт гардаггүй гэдгээ нотлон харуулсан байна. Энэхүү наадмын ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг ажилласан бөгөөд тэрээр аймгийнхаа нийт 23 ахмадын хороон дээр ажлын хэсгийнхний хамт биечлэн очиж шалгаруулалтыг явуулжээ. Эл урлагийн наадмыг шүүх ажлын хэсгийнхэн нийтдээ 2600 гаруй км замыг туулан явж энэхүү том ажлын ард гарсан байна.
Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгодоос шалгарсан 7000 гаруй ахмад авьяастнуудын тоглолтыг давхардсан тоогоор 27000 орчим иргэд үзэж сонирхсон мэдээтэй байна. Ахмад настны соёл урлагийн 2-р их наадмын 2-р шатны шалгаруулалт энэ сарын 30-ны өдөр аймгийн төв Сүхбаатар хотод болох юм.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ