Санкт-Петербургийн эдийн засгийн форумаар 550 тэрбум долларын хөрөнгө оруулалт татжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-05-26 19:29:17
Москва /МОНЦАМЭ/. Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXII форум энэ сарын 24-26-ны өдөр ОХУ-ын хойд нийслэл Санкт-Петербург хотноо болж байна.
Уг форум нь ОХУ-ын хувьд чухал арга хэмжээ бөгөөд өөрийн улсад хөрөнгө оруулалт татах хамгийн том боломж хэмээн үздэг. Форумыг зохион байгуулсан 20 гаруй жилийн хугацаанд ОХУ нийт 550 тэрбум ам.долларын гадны хөрөнгө оруулалт татаж чаджээ.
 Энэ удаагийн форумд ОХУ-ын Ерөнхийлөг В.Путин, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард тэргүүтэй 15 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож буй нь дэлхий нийтийн анхаарлыг татаж буй юм.
 Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXII форум “Өөрчлөлтийн үеийн дэлхийн эдийн засаг”, “Орос: өсөн дэвжих боломжоо ашиглах”, “Тоон эдийн засаг дахь хүн төрөлхтний капитал”, “Технологиор тэргүүлэх”  нь гэсэн 4 ерөнхий сэдвийн дор болж байна.
 
Гурван өдрийн форумын хөтөлбөрт ажил хэрэгч болон бизнес уулзалтууд, салбар хуралдаан, сэдэвчилсэн өглөөний цай, телевизийн мэтгэлцээн зэрэг 90 гаруй арга хэмжээ багтсан бөгөөд энэ үеэр зуу зуун гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөгджээ. Тэдгээрийн нийт өртөг одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд, шинжээчдийн үзэж буйгаар тэрбум орчим ам.долларт хүрэх аж.
Форумын эхний өдөр оролцогчид ОХУ-ын бизнес орчин, эдийн засгийн өсөлт, Алс Дорнодын хөгжил цэцэглэлт, гарааны бизнес, эм эмнэлгийн салбарын дэвшилтэт технологийн талаар санал бодлоо солилцсон. Харин хоёр дахь өдрийн ярианы гол сэдэв Далай тэнгисийн баялгийн ашиглалт, ирээдүйн “Ухаантай” хотын загвар, Хойд мөсөн далайн замын хөгжлийн тухай байв. 5 дугаар сарын 26-ны өдөр Залуусын эдийн засгийн форум болсноор Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXII форум өндөрлөнө.
Л.Нандиа
 
 

Холбоотой мэдээ