Монголросцветмет ХХК-ийн 45 жилийн ойн нэрэмжит таван төрөлт тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-05-25 21:27:23

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголросцветмет ХХК-ийн 45 жилийн ойн нэрэмжит таван төрөлт тэмцээн өнөөдөр Бор-Өндөр суманд эхэллээ.

Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис, шатар гэсэн таван төрлөөр явагдах бөгөөд нийт 260 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорьж байна. Ангилал тус бүрт 11 клубын 11 эрэгтэй, эмэгтэй тамирчид өрсөлдөж байна. Үүнээс долоон клубын баг тамирчид бусад сумдаас оролцож байна. 

Тус тэмцээнийг 15 сая төгрөгийн хөрөнгөөр зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хөрөнгө нь өнгөрөгч саруудад үйлдвэр ашгаа хэд дахин нэмж ажилласаны үр дүн юм. Тэмцээний хүрээнд байгууллагынхаа ажилчдын хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зарласан бөгөөд дүн нь ирэх зургаадугаар сарын нэгэнд гарах аж. Түүнчлэн мод тарих, УБҮ-ийг танилцуулах гэх мэт олон хүртээмжтэй үйл ажиллагааг эдгээр өдрүүдэд зохион байгуулж, иргэд идэвх санаачлагатай оролцлоо. 
Бор-Өндөрийн УБҮ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Бор-Өндөр сумын бага сургуулийн спорт заалыг засварласан байна. Цаашид тус үйлдвэр иргэд болон хүүхдүүд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.   Тэмцээн маргааш өндөрлөнө.                     

 Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ