Сурч мэдсэнээ дүгнэн цэгнэх эрдмийн баяр сургууль бүрийн онцлогийг тодотголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-25 16:15:46
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт төрийн өмчийн 33, хувийн хэвшлийн хоёр нийт 35 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд эдгээр сургуулиудын 9-р ангийг 1644 сурагч, 12-р ангийг 1494 хүүхэд төгсөж байгаа юм. Өнөөдөр эдгээр төгсөгч хүүхдүүд юу сурч мэдсэнээ дүгнэн цэгнэх эрдмийн баяраа багш, эцэг, эх, найз нөхөдтэйгээ баяр хөөр дүүрэн тэмдэглэлээ. Ингээд хөөр баяр дүүрэн ч эргэн хоргодох сэтгэлээр хөнгөхөн гуниг тээн, эргэж уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлсэн хонхны баяр буюу эрдмийн баяраас хийсэн бяцхан сурвалжлагаа хүргэе.
Энэ өдөр сургууль бүр өөр өөрийн онцлог, өөр өөрийн гаргасан амжилт ололтоо дүгнэж, бусдыгаа хошуучлан сурлага, спорт, урлагаараа гарамгай амжилт үзүүүлсэн багш сурагчдаа шагнаж урамшуулж байлаа. Тухайлбал Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургууль олон жил тасарсан амжилтын буухиагаа эргүүлэн олж авсандаа туйлын баяртай энэ өдрийг тэмдэглэж байв. Тус сургуулийн захирал С.Энхтайван:”- Манай сургуулийг энэ 2017-2018 оны хичээлийн жилд 1-12-р ангийн 24 бүлэгт 840 гаруй хүүхэд суралцан төгсөж байна. Энэ дундаа 12-р ангийн хоёр бүлгийг 44 хүүхэд амжилттай төгсөөд өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэж байна. Энэ хичээлийн жилд манай сургуулийн хувьд онцлог амжилтууд нэлээд байгаа. Тухайлбал бид улсын олимпиадаас олон жил бараг 7-8 жилээр медаль авч чадалгүй өнжсөн амжилтын буухиаг залгаж, манай Х.Нямцэрэн багшийн бэлтгэсэн шавь, 9-р ангийн сурагч н.Номин хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гарлаа. 2017 онд энэ сургуулиас оролцсон хүүхэд дэлхийн миссээр тодорч байсан. Тэгвэл энэ жил 3а ангийн сурагч н.Хосзул гэдэг бяцхан шавь маань бас дэлхийн мисс болж, хошой аваргын титэмийг авч ирлээ. Мөн энэ жил жудогийн нэг төрөл болох хүүхдийн жиду цизу төрөлд манай гурван хүүхэд оролцож, өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээс 6а ангийн сурагч Б.Шинэтулга мөнгөн медаль, нэг сурагч маань хүрэл, бас нэг сурагч маань тусгай байрын шагнал хүртлээ. Дээр нь манай сургууль 2017-2018 оны хичээлийн жил эхлэхэд их засвар хийгдэж дуусч ороод сургалтынхаа орчинг сайжруулсан. Эндээс нэг томоохон ажлыг хичээлийн жилд хэвшүүллээ. Энэ бол сургуулийнхаа 00 ариун цэврийн өрөөг томсгож, тэндээ тавих шингэн саван, ОО-ын цаасны асуудлыг эцэг эхчүүдтэйгээ яриад хүүхдүүд маань анги бүлгээрээ сар сардаа ээлжлэн тасралтгүй бэлтгэж сурлаа. Ингэснээр хүүхдүүд маань зөв боловсон бие засах, 00 цаас, гарын савангаа зөв хэрэглэж сурах, өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах дадал хэвшлийг энэ хичээлийн жилд олголоо” хэмээн амжилтаараа бахархлаа. 
Мөн энэхүү баярын үеэр Сэлэнгэ Аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс энэ жил шалгаруулсан хоёр шилдэг хүүхдийн нэгээр тус Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн 2-р сургуулийн 12а ангийн сурагч Батсүхийн Батцэцэг тодорлоо. Тэрээр 2012-2018 оны сэтгэмж уралдаан, 2015-2016 оны орос хэлний олимпиадад аймагт алтан медаль, улсад 12-р байр, 2017-2018 оны зураг зүйн хичээлийн аймгийн олимпиадын 3-р байрын шагналтай аж. Мөн аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн дэргэдэх хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүнээр тасралтгүй гурван жил ажилласан идэвхитэн удирдагч хүүхэд юм.
Сургууль бүр л баярын энэ өдрөө өөр өөрийн өнгөөр ялгарч, амжилт бүтээлээ дурсан, ам бардам хөөрөлдөж, дуу хуур, баяр цэнгэлийн дуугаар бялуурч байлаа.
Сүхбаатар сумын алслагдсан гэр хороолол болох Хонгорморьтын 1-р багт орших ЕБ-ийн 6-р сургууль бас л амжилтын буухиатай эрдмийн баяраа тэмдэглэж байв. Тус сургууль хэв шинжээ өөрчлөөд бүрэн дунд боловсрол олгодог болоод гурав дахь жилийнхээ төгсөлтийг хийж байгаа аж. Эднийд нийтдээ 12 бүлэгт 220 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд нийт 32 багш, ажилчинтай юм.
Тус сургуулийн захирал Б.Болд:”-Өнөөдөр сургуулийн маань түүхэнд бас нэгэн баярт үйл явдал болж байна. Хүүхдүүд маань 11 жилийн турш сурч, мэдсэн зүйлээ дүгнээд эрдмийн баяр гэдэг энэ сайхан ёслолоо хийж байгаад туйлын баяртай байна. Хүүхдүүд маань өнөөдөр сургуульдаа ногоон төгөл цэцэрлэгт талбайг тохижуулж сургуульдаа бүтээлч ажил хийж үлдээгээд, эрдмийн баяраа тэмдэглэж байна. Энэ жилийн төгсөлтийн ангийн хүүхдүүд маань маш их урлаг, спортын авьяастай хүүхдүүд байгаа. Энд “Бид Сэлэнгийн үр сад” урлагийн наадмаас дараалж алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн хүүхдүүд бий. Энэ жилийн сүүлийн амжилт гэхээр спортын жудо бөхийн төрлөөр манай сургуулийн сурагч н.Хүслэн улсын аварга болсон амжилтыг үзүүллээ. Ер нь манай сургуулийн хувьд ганц спорт гэхгүй олимпиад болон бусад сурлагын амжилт жилээс жилд өсөн дэвшиж байгаа” гэлээ. 
Эрдмийн баярын энэ өдөр сурлага, урлаг, спортын гарамгай амжилт гаргасан хүүхдүүд шагналын хуранд автаж, аав ээж, багш, хамт олноо баярлуулахын зэрэгцээ сургуульдаа эргэн хоргодох далдхан догдлолтой, хөнгөхөн гунигтай баярын өдрөө тэмдэглэлээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ