Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын нас залуужиж байна гэв.
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.
Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж байгаа зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн зорилтыг шинэчлэн томьёолжээ.
Хуулийн төсөл нь 4 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн нэрийг “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” гэж өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан “Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” гэснийг хуулийн төсөлд “Албадан эмчлэх эмнэлэг” гэж нэрлэсэн байна.
Одоогийн мөрдөж байгаа хуульд албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд байдаг бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, мэргэжлийн удирдлага, хүний нөөцөөр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага байхаар зааж, уг байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой тусгажээ.
Албадан эмчилгээний өнөөгийн үр дүнг бууруулахгүй байх, албадан эмчилгээнээс зайлсхийх явдлыг гаргуулахгүй байх, эмчлүүлэгчийн нийгмийн байдлыг дээшлүүлэх зорилгоор тодорхой мэргэжилгүй, ажилгүй эмчлүүлэгчдэд зориулан албадан эмчлүүлэх хугацаанд нь нөхөн сэргээх эмчилгээтэй уялдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулж болох тухай зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд зарим зүйлийг тодруулсан. Хэлэлцэж буй төсөл Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцитэй нийцэж буй эсэхийг тодруулсны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариулт өгөв. Одоо хэрэгжиж буй хуулиар согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр эрхлүүлдэг бол Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид төслийг нийцүүлэн албадан хөдөлмөр эрхлүүлэх асуудлыг хассан байна. Согтуурах, мансуурах донтой этгээдийг гэмт хэрэгтэн, эсвэл хохирогч болохоос нь өмнө албадан эмчлэх, эмчилгээний стандарт болон холбогдох бусад асуудлыг нарийвчлан тодорхой болгосноороо одоо хэрэгжиж буй хуулиас ялгаатай гэв. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, үүнтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар тодруулсан гишүүний асуултад хариулахдаа “2017 оны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 282 үйлдэлтэй 117 эрүүгийн хэрэгт 275 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явуулсан. Энэ оны эхний улирлын байдлаар энэ төрлийн 61 гэмт хэрэгт 132 хүнийг холбогдуулан саатуулж байгаа бөгөөд насны хувьд залуужиж байгаа” гэв.
Мансууруулах бодис хэрэглэж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэв. Засгийн газарт энэ чиглэлээр танилцуулга хийж, энэ үндсэн дээр Аюулгүй зөвлөлд танилцуулж, зөвлөмж гаргасан. Цагдаагийн Ерөнхий газарт хар тамхитай тэмцэх бие даасан нэгж байгуулан ажиллуулж байгаа бөгөөд тодорхой үр дүн гарч байгааг тэрбээр хэллээ. Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа идвэхжиж, хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгааг хэлсэн юм. Хил гаалийн шалган нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлага байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр мөн дурдагдаж байлаа. Ийнхүү гишүүний асуултад хариулт өгсний дараа төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.
Ч.Ариунболд