Шилдэг яам, аймгуудын удирдлагуудын сэтгэгдлийг сонслоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-23 16:06:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын мөрийн хөтөлбөр,  үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарсан шилдэг яам, аймгуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. 2017 оны шилдгээр ХНХЯ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорнод, Орхон, Дархан-Уул аймаг шалгарсан юм. Энэ үеэр шилдэг яам, аймгийн удирдлагуудтай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.



ХНХ-ын сайд С.Чинзориг, “Яамны зүгээс 2017 онд салбарын хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлд ихээхэн анхаарч ажилласан. Тухайлбал, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийн тухай хуулийг УИХ батлуулсан. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчдад нэг удаа урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэж, тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмлээ. Энэ мэтээр яриад байвал багагүй ажлуудыг амжуулсан жил өнгөрсөн. Гэхдээ цаашдаа шийдвэрлэх шаардлагатай олон тулгамдсан асуудал бий. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, төрийн албан хаагчийн цалин, хөлсийг нэмэх, ажлын байр бий болгох зэрэг олон зорилт бидний өмнө бий. Энэ бүх ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.



Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, “Иргэдийн сэтгэл ханамжийг хамгийн дээд хэмжээнд хангасан нь өнөөдрийн шагналыг авах гол тулгуур болсон. Бид 2017 онд аливаа бодого шийдвэр, бүтээн байгуулалтыг хийхдээ иргэд болон иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудын оролцоог хангаж ажилласан. Нөгөөтэйгүүр нийгмийн сайн сайхны төлөө бүтээлч сэтгэлгээ гаргаж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, төсөл сонгон шалгаруулах зарчмын дагуу санхүүжилт хийсэн юм. Харин 2018 онд бид 3.1 тэрбум төгрөгөөр Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж, орон нутагтаа Орон сууцны корпораци байгуулна. Ингэснээр 1960-1969 онд баригдсан хуучны барилгуудыг шинээр төлөвлөж, дахин барилгажуулах юм. Нөгөөтэйгүүр манай хотоор транзит тээвэр дамжин өнгөрдөг. Тиймээс бид шүлхий зэрэг мал амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор Дархан хотын төвөөс мал бүхий иргэдийг гаргах ажлыг эхлүүлсэн. Саяхан Засгийн газраас эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүсийг зарласан. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт эрчимжсэн мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх зорилгоор газрын асуудал болон дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байна”



Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, “Манай аймаг нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн индексээр улсдаа гуравдугаар байрт шалгарсан. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ээр хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Түүнчлэн боловсролын чанарын үзүүлэлтээр улсдаа тэргүүлсэн амжилттай ажиллаа. Эдийн засгийн өндөр чадавхитай Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өмнөговь зэрэг аймгуудтай энэ тэнцүү үзүүлэлт гаргалаа. Дорнод  аймгийн аж ахуйн нэгжүүд, татвар төлөгчид болон нутгийн иргэддээ, шилэн дансны хэрэгжилтийг үнэлсэн Сангийн яам, Шударга байдлын үнэлгээг үнэлсэн АТГ зэрэг олон байгууллага, хамт олонд баярлалаа. Энэ шагнал бидэнд том урам өгсөн. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжих болно. Мөн Орон нутгийн хөрөнгийн сангийн хөрөнгөөр аймгийнхаа иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх болно”



Орхон амгийн Засаг дарга Д.Лутбаяр, "2017 он манай аймгийн хувьд амжилт бүтээлээр, дүүрэн жил байлаа. Бид өрсөлдөх чадвараараа улсдаа тэргүүлж, хүний хөгжлийн индексээрээ хоёрдугаар байрт эрэмблэгдсэн байна. Орон нутгийн хөгжлийн бодлогоо хүний хөгжил рүү чиглүүлж, 18 дэд хөтөлбөр батлуулан ажилласан. Тухайлбал,  хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлтийг улсын дунджаас даруй 7 дахин хурдан хийдэг боллоо. Ингэснээр нэгдүгээр шатны хавдартай 298 иргэнийг эрт илрүүлэн 100 хувь эмчилж чадсан. Нярайн эндэгдлийг 4 дахин бууруулж, эхийн эндэгдэлгүй ажилласан байна. Мөн 4000 гаруй ажлын байрыг бий болгосон, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд  2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийсэн. Нөгөөтэйгүүр 620 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийг шинээр ашиглалтад орууллаа. Гэр хорооллын гурван километр инженерийн  шугам сүлжээг өргөтгөх зэрэг олон бүтээлч ажил хийсэн.  Цаашдаа энэ олон амжилтаа бататгаж илүү их хичээж ажиллахын тулд аймгийн иргэн бүхэн нэг зорилго, нэг санаа, нэг сэтгэлээр зүтгэнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ