УИХ-ын гишүүн С.Ганбаатар тойрогтоо ажиллаж байна

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 15:15:51

Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн удирдлагууд болон хэлтэс, агентлагийн дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд тус аймагт тулгамдсан асуудлаа танилцуулав.

Үүнд: Шарын голын сумын эмнэлэг стандарт шатлалын дагуу ажиллагсдын тоог ЭМЯ-наас бууруулснаас тус сумын “Тулга” сувилал хөрөнгө санхүүгийн дутагдлаас үйл ажиллагаа нь зогсож болзошгүй нөхцөл байдал үүсээд байна гэж Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Жаргалсайхан хэлэв. Хөгжлийн Бодлогын хэлтсээс “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө тасалдаж бүтээн байгуулалтын ажилд оролцсон компаниуд гүйцэтгэлийн мөнгөө авах хүлээлт үүссэн гэв. Мөн үеэр төсөв, санхүүтэй холбоотой асуудлыг хөндөснөөс гадна иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтон хүндэрч байна. Иргэд банкны хүү төлбөрт дарлуулж, зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг Орхон сумын Засаг дарга Б.Батбаяр хэлээд УИХ-ын гишүүдийг төрийн ордны танхимаас гарч ард түмний дунд орж ажиллах хэрэгтэй гэв.

Энэ мэтчилэн тулгамдсан асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар ярихдаа:-"Аймгийн удирдлагуудтай гар нийлж нэг баг болж ажилласны хүчээр багагүй хөрөнгө оруулалт хийгдлээ. Уг ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлууд харин орхигдсон тал бий. Одоо бид цаашид Дарханчуудын амьдралын ядуурлыг бууруулахад хүчээ нэгтгэн гар нийлж ажиллана. Иргэд зээлээ төлж чадахгүй байгаагаас банкны барьцаанд орон сууц, хашаа байшингаа алдаж байна. Иймд банкуудад шахалт үзүүлж хүүгийн хэмжээг бууруулах хэлэлцээр хийнэ” гэв.

                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ