Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт болох төлөвтэй хэвээр байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-21 10:40:07
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт ирэх сарын 12-нд Сингапурт болох төлөвтэй хэвээр байна. Энэ талаархи асуудлыг Д.Трамп болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнгөрсөн бямба гарагт утсаар ярих үеэрээ хэлэлцсэн байна.
 
Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр, АНУ болон Умард Солонгосын удирдагчдын уулзалт болохын өмнө хоёр улс нягт хамран ажиллах түүнчлэн Умард Солонгос дахь сүүлийн үеийн нөхцөл байдлуудыг хэлэлцэхийн тулд Д.Трамп болон Мүн Жэ Ин нар утсаар ярьсан байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг энэ сарын 22-нд Цагаан ордонд айлчлах үеэр Д.Трамп энэ талаархи асуудлыг эргэн хэлэлцэх бодолтой байгаа аж.
 
Умард Солонгосын удирдагчтай ирэх сарын 12-нд Сингапурт уулзах тухайгаа өмнө нь Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нэг талыг барьсан шаардлагаа үргэлжлүүлсээр байх юм бол АНУ-ын эрх баригчидтай дээд хэмжээний уулзалт хийхийг зөвшөөрөхгүй байж болзошгүй гэж Умард Солонгосын эрх баригчид хожим нь мэдэгдсэн юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ