Цагдаагийн газраас хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах талаар ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-18 15:50:42
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзалт хийж, хамтын ажиллагаагаа сайжруулах талаар санал солилцлоо.
Тэрбээр сэтгүүлчдийг зөв, дэлгэрэнгүй мэдээллээр хангахын тулд сүүлийн таван жилд Өвөрхангай аймагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн харьцуулсан мэдээллийг өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой хуулийн заалт, дүрэм журмын талаар танилцуулж, сэтгүүлчдэд хуулийн мэдлэг олголоо.
Цагдаагийн алба хаагчдын туйлын зорилго нь гэмт хэргийг бууруулж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх явдал бөгөөд 2013 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд 599 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол жил бүр буурсаар 2017 онд 492 бүртгэгдсэн байна. Харин хулгайлах гэмт хэрэг өсч, нийт хэргийн 43 хувийг эзлэж байгаа нь иргэд сонор сэрэмжгүй,  өөрийн өмчдөө хайхрамжгүй хандаж байгаатай холбоотой юм. Хэрэг, зөрчил үйлдсэн нийт этгээдийн 80 хувь нь архидан согтуурснаас үүдэлтэй байдаг ба зам тээврийн осол гэмтэл нь “сахилгагүй” буюу нойргүй явсан, архи уусан жолоочоос, чанаргүй эвдрэлтэй замаас, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоноос болдог. Сүүлийн таван жилд замын аваар ослоос шалтгаалан 89 хүн нас барж, 195 хүн гэмтсэн гэх зэргээр түүний илтгэлд гэмт хэргийн нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл багтсан байв.

Цаашид Арвайхээр хотыг бүрэн камержуулах, Яаралтай тусламжийн дуудлага хүлээн авах цэгийг нэг дор төвлөрүүлэх, нисдэг дрон, дратер, хурд хэмжигч ашиглан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөөд хэрэгжүүлж байгааг дурдаж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэж мэдээлж өгөхиг хүслээ.
Сэтгүүлчдийн зүгээс архаг архичдын асуудлаар зөвлөлгөөн хийх, нийгмийг цочоосон том хэргүүдийг ил тод байдлаар мэдээллэх, жолооны үнэмлэхийг шалгахдаа цахим төхөөрөмжөө ашигладаг байх, цагдаагийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах талаар санал хүсэлт хэлж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ