Афганистанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийнхан жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-01 21:49:51

Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат тэргүүтэй ЗХЖШ-ын удирдлагууд оролцож цэргийн багийнханд амжилт хүссэн юм.

Афганистан Улсад явуулж буй НАТО болон Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу Шийдвэртэй дэмжлэгт ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байгаа.

НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх сурган дадлагажуулах дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 136000 гаруй цэргийн алба хаагчид одоогоор үүрэг гүйцэтгэж байна.
Олон үндэстний Маршал баазын аюулгүй байдлыг хангах үүргийг бусад орны цэргийн алба хаагчдын хамт гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн бие бүрэлдэхүүний 85 хувь нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай байгаа нь давуу тал юм. ХБНГУ-ын Сургалтын багийн сургагч багш нартай хамтран ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлээ ханган цэргийн багийн захирагч дэд хурандаа Н.Бат-Эрдэнийн удирдлага доор үүрэг гүйцэтгэхэд бэлэн болоод байна.

Холбоотой мэдээ