Цэцэг өвчнөөр өвчилсөн 400 гаруй хонийг устгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-01 21:34:52

Арваннэгдүгээр сарын  дундуур Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ сумын нутагт гарсан малын  цэцэг өвчний тархалт  зогсохгүй байгаа учир хорио цээрийн дэглэмийг бууруулаагүй хэвээр байна.

Арван нэгдүгээр сарын 30-нд сумын мал эмнэлэг болон бусад албаныхан малчны сууриудаар явж үзлэг хийхэд Дөрвөлж багийн нутагт мөн нэг хонь цэцэг өвчнөөр өвчилснийг устгасан  аж.

Тус сумын МЭҮТ-ын дарга Д.Дондогийн хэлж буйгаар Замын-Үүд сум болон Еншөөв, Цагаанхөтөл, Дөрвөлж багийн есөн өрх айлын халдвар авсан 406 толгой хонийг албаныхан устгалд оруулжээ. Халдварт  өвчний  тархалтаас болж нэг өрх айл хамгийн их буюу 286 хонь алдсан бол өөр нэг айл 50 орчим хониныхоо талыг халдварт өвчнөөр устгуулсан байна. Тус суманд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 43 мянган тун вакцин шаардлагатай байгаагаас дөнгөж 3000 тун вакциныг татан авч өвчний голомт бүхий газрын малд тарьжээ.

Хуулийн  зүйл заалтын дагуу урьдчилан сэргийлэх  вакциныг хамгийн сүүлд тарьсан өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд дахин өвчлөл гараагүй тохиолдолд хорио цээрийн дэглэмийг бууруулах учиртай аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ