Өмнөд болон Умард Солонгос дээд түвшинд яриа хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-14 17:22:31
СӨҮЛ. /ТАСС/. Өнгөрсөн сарын 27-нд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр Солонгосын удирдагчдын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх асуудлуудыг хэлэлцэхээр Өмнөд болон Умард Солонгос энэ долоо хоногт өндөр дээд хэмжээнд яриа хэлэлцээ хийх төлөвтэй байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны албан ёсны төлөөлөгч Пэк Дэ Хён Сөүл хотод болсон сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
 
Яриа хэлэлцээний үеэр хоёр Солонгосын удирдагчдын гарын үсэг зурсан Панмүнжомын тунхаглалын зүйл заалтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх асуудлуудыг хэлэлцэх аж.
 
Өнгөрсөн сард болсон түүхэн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улс хоорондын дайсагналыг зогсоох, хоёр улсын хилийг заагладаг Цэрэггүй бүсийг “энхийн бүс” болгож өөрчлөх, Умард Солонгосын Кэсон хотод хоёр талын харилцаа холбооны асуудал эрхэлсэн байгууллага нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх боломжуудыг авч хэлэлцэх, Солонгосын дайны улмаас тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулах, Солонгосын хойг дахь төмөр зам, авто замуудыг нэгтгэх зэрэг асуудлаар  хоёр Солонгосын удирдагчид тохиролцоонд хүрсэн юм.
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ