“Улаанбаатар Марафон 2018”-ы үеэр “Энхрий үрс минь инээж л байг” уриатай хандивын аян зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-11 12:08:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар Марафон 2018” олон улсын гүйлт энэ сарын 19-ний өдрийн 09 цагаас Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох талаар өчигдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагчдаас хэвлэлийн бага хурал хийж дэлгэрэнгүй мэдээллээ.

Тав дахь удаагаа зохион байгуулах “Улаанбаатар Марафон 2018”-ыг ивээн тэтгэгч байгууллагаар Шангри-Ла зочид буудал, Хербалайп, Экос ус, Red Bull, 361 спортын барааны дэлгүүр, CLWN эмнэлэг болон Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын Үндэсний нэгдсэн холбоо, GCR Mongolia компани оролцохоор болжээ.

Мөн дэмжигч байгууллагаар МҮОХ, НЭМХ, МОХ, МОСХ, хэвлэл мэдээллийн хамтрагч байгууллагаар “MNC HD” телевиз, “TV-5” телевиз, news.mn  сайт зэрэг 10 орчим хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллана.

Гадаадын олон орны тамирчид болон сонирхогчид Улаанбаатарт ирж гүйнэ. Энэ удаа Тайваниас 300 гаруй сонирхогч оролцохоор бүртгүүлсэн. Жил бүр олимп, ДАШТ-д амжилттай оролцсон гадаадын тамирчид урилгаар оролцдог. Энэ жил Кени, Этиоп, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ-ын тамирчид урилга оролцох юм. Мөн манай шилдэг тамирчид болох гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа, Отгонбаяр, Шинэцэцэг нарын тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөнө. Мэргэжлийн тамирчдаас гадна сонирхогч гүйгчид жил ирэх тусам идэвхтэй оролцдог уламжлалтай. Энэ тэмцээнд оролцохын тулд оролцогчид бүтэн жилийн турш бэлтгэж байна.



Улаанбаатар Марафонд оролцох нь нэр төрийн хэрэг болсон төдийгүй барианд орж ирэх нь бүр ч бахархалтай байдаг. Харин үүнд оролцоно гэдэг бол марафоны үндсэн агуулга явж байдаг. Марафон гүйлтийн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайтаар хийж байна. Энэ жил оролцох гадаадын иргэдийн Шангри Ла зочид буудалд бүртгэж байгаа. 1.5 км буюу гэр бүл, 10км, 21 км, 42 км гүйлтийн болон 5 км зайн гүйлтэнд оролцогчдын бүртгэлийг нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороонд авч байна. Одоогоор онлайн бүртгэлд 20 мянган хүн бүртгүүлээд байгаа аж.

Хараагүй болон тэргэнцэртэй иргэдийн ангилал бий. Мөн гэр бүлийн 1.5 км-ын уралдаан байгаа. Өнгөрсөн онд 35 800 иргэн онлайн бүртгэлд бүртгүүлж гүйсэн. Иргэд онлайн бүртгэлд хамрагдсан бол заавал энгэрийн дугаараа авч баталгаажуулах ёстой. Мөн аж, ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах боломж нээлттэй байгаа.

“Sotokoto safaricom”, “Cheplaskei marathon”, “Кass marathon” зэрэг марафонд өндөр амжилт үзүүлж байсан Кенийн хоёр тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн. Улаанбаатар марафон олон улсын томоохон хотуудад болдог марафоны жишгээр явагдаж байгаа.

Тухайн өдөр хотын төвийн зам 17 цаг хүртэл хаагдах юм. Гараа, бариа Сүхбаатарын талбайд болно. Гүйгчид Төв шуудан, нэгдүгээр сургууль, шөнийн гудамж, Авилгатай тэмцэх газрын баруун талаас эргээд “Монос” шүдний төв, 5 дугаар сургууль, Сансарын E-mart, зүүн дөрвөн зам, Бөхийн өргөө, Багшийн дээд, 103 яаралтай тусламжийн төв, Элчингийн гудамж, Шангри-Ла зочид буудал, Хүүхдийн ордон, Баянгол зочид буудал, Төв шуудан гэсэн маршрутаар 10, 21, 42 км-ын зайд оролцогчид гүйнэ. Бусад төрөлд оролцогчид дээрх чиглэлээр явна.

Гүйлтэнд оролцогчдод анхааруулахад гараанаасаа их болгоомжтой гарахыг сануулж байгаа юм. Бие биенийгээ хүндлээд гараагаа эмх цэгцтэй хийх хэрэгтэй гэж зөвлөж байна. Эрүүл мэндийн үзлэг тухайн өдөр явагдана. Мөн усны цэг шөнийн гудамж, тавдугаар сургуулийн урд, сансарын Emart-н уулзвар, арслантай гүүрийн наана гэсэн байрлалд байх юм. Жил ирэх тусам “Улаанбаатар марафон””ы цар хүрээ өргөжиж, оролцогчид жил ирэх тусам өсч ирлээ. Монголын хэт холын марафон гүйгчдийн холбоо болон хөнгөн атлетикийн дасгалжуулагч, шүүгчид, биеийн тамирын сургуулийн оюутнуудыг хамруулан шүүгчдийн сургалтыг зохион байгуулсан. Гараа, барианд шүүгчид хэрхэн ажиллах сургалтыг өгч, сертификат олгосон. 100 гаруй шүүгчид ажиллахаар болжээ.



Бүртгэлийг марафон болохоор гурав хоногийн өмнө хаана. 10, 21, 42 км-ын гүйлтэнд оролцогчид 25 мянган төгрөгийн хураамж төлнө. Гадаадын иргэд 25 ам.доллараар бүртгүүлнэ. 1.5, 5 км-т оролцогчид 2000 төгрөгөөр энгэрийн дугаараа авна. Бусад төрөлд оролцогчид малгай, футболк, үүргэвч, чип багтсан. “Улаанбаатар марафон 2018” тавдугаар сарын 19-ний 09.00 цагт гарааг эхлүүлэх бөгөөд энэ өдөр цаг агаар 14 хэм дулаан байх аж. Энэ нь Монголын тамирчдын хувьд их боломжийн нөхцөл байдал болно. 10 км-ээс дээш зайд оролцох оролцогчдод чип олгох юм.

Д.Сүхбаатарын талбай руу орох, гарах хөдөлгөөнийг тавдугаар сарын 19-ний 07 цагт хязгаарлан хаах тул иргэдийг цагаа зохицуулахыг анхааруулж байв. Марафон гүйлтийн зай төрөл бүрт 1-3 дугаар байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Харин 10, 21, 42 км-ын гүйлтэнд оролцож эхний 4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Бүтэн марафон /42 км 195 метр/-д I байр 10 сая төгрөг,  II байр 8 сая төгрөг, III байр 6 сая төгрөг, байр 4 саяаас 800 мянган төгрөгийн шагналтай.

Хагас марафон буюу 21 км-т I байр 5 сая төгрөг,  II байр 4 сая төгрөг, III байр 3 сая төгрөг, IY-X байр 200-300 мянган төгрөгөөр урамшуулна. Харин 10 000 метрийн зайд I байр 500 мянган төгрөг,  II байр 400 мянган төгрөг, III байр 300 мянган төгрөг, IY-X байр 100-200 мянган төгрөгөөр урамшуулна.

5000 метрийн зайд нас тус бүрд I байр 200 мянган төгрөг,  II байр 150 мянган төгрөг, III байр 100 мянган төгрөг, IY-X байр 50 мянган төгрөгөөр урамшуулна. Мөн 1500 метрийн зайн гүйлтийн шагнал /Тэргэнцэртэй, хараагүй, хөржлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүл/ I байр 200 мянган төгрөг,  II байр 150 мянган төгрөг, III байр 100 мянган төгрөгөөр тус тус урамшуулна.

“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн үеэр Хүүхдийн эрхийн төлөө “Энхрий үрс минь инээж л байг” уриан дор “Хүүхдийн төлөө Фонд”-д аливаа хувь хүн, байгууллага, хамт олон сайн дураар хандив өргөх аян өрнүүлэх юм.

Хандиваар цугларсан мөнгийг Хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, албан байгууллага, төрийн болон ТББ-уудаас ирсэн хүүхдийн сайн сайхны төлөө төсөл, хөтөлбөрүүдээс сонгон шалгаруулж санхүүжүүлнэ. Шалгаруулалтыг “Хүүхдийн төлөө Фонд”-ын УЗ хуралдан шалгаруулж, зарцуулалтыг хөндлөнгийн аудитын хараан дор шилэн данс нээж, олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх юм.

Хандивын данс: ХАС банк-доллар данс: 5001731048, төгрөг: 5002398355, ХХБ-доллар: 470021413, төгрөг: 470014848, Хаан банк-доллар: 5115048732, төгрөг: 5031887103, Голомт- төгрөг 1175106000, Төрийн банк-данс: 340004180638 болно.

Д.Өлзий
Холбоотой мэдээ