Эмэгтэйчүүдийн чуулганы хэвшмэл загварыг халах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-10 15:54:03
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газраас нутгийн хөгжлийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж яваа эмэгтэйчүүдээ хөгжүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 5 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд “Эмэгтэйчүүд-Эрүүл мэнд” чуулганыг зохион байгууллаа.
Тус  чуулганд Эрдэнэбүрэн сумын таван багийн 300 гаруй эмэгтэй, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Эрдэнэбүрэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сэр-од, сумын Засаг дарга У.Цэрэнтогтох, сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Баянжаргал нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Чуулганы хүрээнд “Хорвоод ханьсан амьдрахын утга учир”, “Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга”, “Эрүүл байхын увидас”, “Харилцаа, хандлага”, “Монгол эмэгтэйн гэрийн соёл”, “Малчин фермерийн аж ахуйн хөгжлийн шийдэл”, “Малын шимэгч өвчин, түүний хор хөнөөл, малын эмийн зүй зохистой хэрэглээ”, “Малаас хүнд халдварладаг өвчнүүд, нялх төлийн арчилгаа, маллагаа”, “Хөдөлмөрийн бүтээмж, түүний үр ашиг” сэдвийн хүрээнд холбогдох төр,төрийн бус байгууллагын манлайлагч эмэгтэйчүүд мэдээлэл өгч, оролцогч эмэгтэйчүүдтэй харилцан санал солилцлоо.
Эдгээр мэдээллээс залуу гэр бүл хүүхдээ хэрхэн зөв хооллох, хоол хүнс бэлтгэх яаж хүмүүжүүлэх, хэрхэн зөв эерэг аргаар харьцах, гэр бүлдээ эелдэг уур амьсгал бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг сэдвээр хийсэн мэдээлэл малчин эмэгтэйчүүдэд таалагдсан юм.

Чуулганд оролцсон эмэгтэйчүүдийн төлөөлөл Эрдэнэбүрэн сумын сургуулийн захирал Т.Отгонхишиг “Эмэгтэйчүүдийн чуулган нийтийг хамарч чадахгүй байна. Нэг багаас таван хүн оролцож, өмнөх 20-30 шахам солигдоогүй хөтөлбөрөөр хэт хуучин нэг хэвшмэл загвараар уулзалт хийж байна. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлыг явуулахад сан бүрдүүлэх хэрэгтэй, тэдэнд тулгамдсан асуудал, саналыг сонсож шинэ шийдэлд хүрэх, эрэлт хэрэгцээг хангахуйц арга хэмжээ зохион байгуулах”-ыг санал болгосон юм.
Зарим эмэгтэйчүүд өсвөр, үе залуучуудыг архины хор хөнөөлөөс хамгаалах, хууль тогтоомжийг мөрдөх, хүүхэд гэр бүл амар тайван амьдрахад хүн бүрийн оролцоо, тэмцэл чухал гэсэн бол тус суманд уламжлалт газар тариаланг сэргээх, услалтын системийг түшиглэн шилдэг, тэргүүний тариаланчдаас урьж, бодит туршлагаас нь суралцах, үндэсний өв соёл сэргээх өөлд ардын уртын дууг хойч үедээ өвлүүлэх, аливаа асуудалд олон нийтийн оролцоог тэгш хангаж, нэг хүнийг алдаа гаргахыг ч өнгөрөөхгүй байх хэрэгтэй зэрэг саналуудыг хэллээ.  
Сумын эмэгтэйчүүд чуулганы өмнөхөн урлаг, спортын тэмцээн явуулж, “Нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг” зохион байгуулж 1300 гаруй эмэгтэй хамрагдсан байна.
Мөн хоёр жил тутам болдог тус чуулганд мал аж ахуйн багийн эмэгтэйчүүд бүтээлч ажил хийж, бэлэг барьжээ. Тухайлбал Хонгио багийн эмэгтэйчүүд мод тарьсан бол Шураг багийн эмэгтэйчүүд багийн хурал явуулдаг гэрээ тохижуулжээ. Хар ус багийн эмэгтэйчүүд сумын төвийн засмал зам дээр хүүхдүүдэд зориулсан гарц, эко орчин бүрдүүлэхэд хямд төсөр, хаягдал материалаар хогийн сав хийж тавьсан байна.
“Эмэгтэйчүүд-Эрүүл мэнд” чуулганы үеэр Эрдэнэбүрэн сумын ахмад настан Ж.Өнөр “Ховдын төлөө” медаль, ахмад настан С.Сайнсүүл нарыг Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.
                                                                                                                     А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ